
Үлдсэнийх нь хувьд хонь цул 3800, ястай нь 3300, адуу цул 3500, ястай 3100, ямааны мах цул 3200, үхэр цул 4500, ястай 4200 төгрөгний ханштайгаар зарагдаж байлаа. Өмнөх сард үхрийн мах 3500, хонины мах 3000, ямаа 2400 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байсан бол одоо хамаагүй өндөр үнэтэй болчихсон байгаа юм. Энэ байдлыг хүнсний захын худалдагчдаас тодрууласан юм. Тэд “Махны нийлүүлэлт ховор байгаа учраас л үнэтэй худалдаалж байна. Бид бол ченжүүдээс авч зардаг тэднээс авсан үнээс бага зэрэг л нэмдэг” гэлээ. Ийнхүү махны үнэ харьцангүй байгаа нь эдгээр газруудад нийлүүлэлт хийдэг ченжүүдтэй холбоотой аж.
Харин ченжүүдийн ярьж байгаагаар “Зарим нэг газруудад махны нийлүүлэлт ховор орж ирж байгаа тийм болохоор үнийн хувьд янз янз байгаа. Саяхан болж өнгөрсөн баяр наадам ч үнийн өсөлтөд нөлөөлсөн” гэж тайлбарлалаа. Тэдний ярьж байгаагаар хөдөө орон нутгаас махны нийлүүлэлт нэмэгдэх юм бол нийслэлийн хэрэглэгчид тун удахгүй махаа хямд үнээр худалдан авах бололтой. Хэдий тийм боловч Улаанбаатар хотын хүнсний томоохон захуудаар хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ өмнөх долоо хоногийг бодвол буурч эхэлсэн гэж махны худалдаачид ярьж байна. Мөн “Шонхор” захын ченжүүд цаашдаа ч махны нийлүүлэлт нэмэгдэх учраас хямдрах төлөвтэй байгаа гэлээ.
Өнгөрсөн өвөл нийслэлийн Засаг даргын тамгын газраас махны үнэ тогтвортой байлгах зорилгоор нөөцийн мах худалдаанд гаргасан. Үнийгээ дагаад нийслэлчүүд өндөр үнэтэй мах идээгүй. Харин нөөцийн мах өнгөрсөн зургадугаар сард худалдаалагдаж дууссанаас мөн дээрээс нь баяр наадам гээд махны үнэ тогтворгүй байна. Өвлийн цагт махны үнийг тогтвортой барих бодлогыг зохицуулдаг газар нь зуны улиралд ч мөн махны үнийг тогтвортой байлгах боломж байгаа л байх. “Зуны улиралд хөдөө гарч чаддаггүй болохоор эмээ нь хотын мах л хэрэглэдэг. Энд мах ховор байгаа болохоор байгаа хэд нь жаахан үнэтэй л дуугарч байна. Баяр ёслол, амралт гээд махны үнэд нөлөөлж байгаа бололтой” гэж Хүчит шонхор захаас мах худалдаж авсан нэгэн эмээ ярьж байсан.
Ямартай ч зуны улиралд мах тэнгэрт хадахгүй ч чимх чимхээр нэмэгдээд байвал иргэдийн халаасыг нимгэлсээр л байх бололтой.