Иргэдийн мэдээллийн санг шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Иргэдийн мэдээллийн санг шилжүүлж байна

Эх орны хувь хишгийг Хаан банкнаас авдаг байсан иргэд энэ сараас эхлэн Хадгаламж банкнаас авах болжээ. Хаан банк нийтдээ 45 хороодын иргэдэд дээрх мөнгийг түгээдэг байснаасаа татгалзсанаар иргэдэд эх орны хувь хишгийг хүргэх банк ийнхүү өөрчлөгдөж байгаа юм. Хотын зарим хороодод энэ сараас эхлэн эх орны хувь хишгийн 21 мянган төгрөгийг ойролцоох Хадгаламж банкнаас авна уу гэсэн зарлалыг наасан байна. Мөн хөдөө орон нутагт Хадгаламж банк сум бүрт касстай болохоор ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Хэнтий аймаг 21 сумтай бөгөөд үүний дөрөвт нь Хадгаламж банкны салбар нэгж байдаггүй байна. Тиймээс уг дөрвөн суманд касс нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн тухай эх сурвалж ярьсан юм. Юутай ч энэ сарын эх орны хувь хишгийг хугацаанд нь иргэдэд хүргэхээ Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрынхны мэдэгдээд буй. Харин иргэд аль хороодын иргэд Хадгаламж банкны аль салбараас хэрхэн мөнгөө авах талаар мэдээлэл дулимаг байгаа юм. Тиймээс эх орны хувь хишгийн мөнгийг олгох банкинд өөрчлөлт орж буйтай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Хаан банк эх орны хувь хишгийн мөнгийг олгохоос татгалзсаны дагуу иргэдэд энэ мөнгийг хүргэх банкинд өөрчлөлт орж байна. Иргэд аль банкаар дамжуулан эх орны хувь хишгээ авах болсон бэ?

-Хадгаламж банкаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Өнөөдөр, маргааш, хоёр өдөрт багтаан Хаан банкин дахь иргэдийн материалыг файлаар нь Хадгаламж банк руу шилжүүлэх ажлаа дуусгаад, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 21 мянгыг иргэдэд хүргэхээр төлөвлөөд байна.

-Иргэд Хадгаламж банкны аль салбараас мөнгөө авахаа яаж мэдэх вэ?

-Хадгаламж банк дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтарч энэ хуваарилалтыг хийнэ. Бидний баримталж байгаа бодлого бол аль болох тухайн иргэний гэрт ойрхон салбараас эх орны хувь хишгийг хүргэх явдал.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ, ямар нэгэн шилжүүлэг хийлгэх шаардлагатай юу?

-Банк л өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм болохоор бичиг баримтын тухайд ямар нэгэн хөдөлгөөн хийлгэх шаардлагагүй. Харин эх орны хувь хишгээ авахаар ирэхдээ дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд болно. 

-Эх орны хувь хишгийг авах иргэдийг картжуулах уу, ингэхэд ямар нэгэн төлбөр мөнгө шаардах уу?

-Хэрвээ хүсвэл карт авч болно. Эх орны хувь хишгийг иргэдэд хүндрэлгүй олгох үүднээс хүсэлт гаргасан иргэдэд үнэ төлбөргүй виза карт гаргаж өгнө. Карт захиалахад хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэйгээ очиж, анкет бөглөх хэрэгтэй. Иргэд эх орны хувь хишиг авах карт захиалахад аль нэг салбар гэж заавал нэг тоочсон салбарт очихгүйгээр аль ойрхон салбараасаа харьяалал хамаарахгүй захиалж болно. 

-Хадгаламж банкны тухайд зарим аймгийн сумдад салбар нэгжгүй байгаа. Тэгэхээр Хадгаламж банкны салбаргүй орон нутгийн иргэд мөнгөө яаж авах вэ?

-Одоогийн байдлаар аймгуудын төрийн сан руу иргэдийн эх орны хувь хишгийн мөнгийг шилжүүлж байршуулсан байгаа. Хадгаламж банкны тухайд аймаг бүрт салбар нэгжтэй шүү дээ. Харин салбаргүй сумдад салбар нэгж байгуулж эхлээд байна. Бидэнд ирсэн мэдээллээр 60 орчим салбарыг цоо шинээр нээж байгаа гэсэн. 

-Ямар нэгэн шимтгэл хураамж төлөх үү, үүнд иргэд хэдэн төгрөг өгөх вэ?

-Одоогийн байдлаар 300-350 төгрөг байхаар ярилцаж байна. 

-Хас банкаар дамжуулан иргэдэд 21 мянгыг олгоно гэсэн мэдээлэл байна?

-Одоогоор тийм зүйл байхгүй. Хас банктай ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй байгаа.

-УИХ-ын хаврын чуулганы хаалтаар эх орны хувь хишгийн мөнгийг ирэх жилийн хавраас олгохоо зогсоох тухай яригдсан. 21 мянгыг хэдэн сар хүртэл олгох юм бэ?

-Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан иргэн бүрт 1,5 сая төгрөг олгохын 500 мянгыг нь бэлнээр өгнө гэж байгаа. Үүний дагуу эх орны хувь хишгийн 21 мянган төгрөг олгогдож байгаа юм. Энэ онд 252 мянган төгрөгийг олгоно, өнгөрсөн жил 120 мянгыг олгосон. Үлдсэн 128 мянган төгрөгийг ирэх жилийн эхний хагас жилд багтаан олгохоор болсон. 

-Эх орны хувь хишгийн ердөө гуравны нэгийг иргэд бэлнээр авчихлаа гэж бодоход үлдсэн нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгоно гэж байгаа. Үүнийг ямар байдлаар зохион байгуулах гэж байна вэ?

-Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын тухайд 500 мянган төгрөгийг нь сургалтын төлбөрт авсан байгаа. Бусад иргэдэд энэ мөнгийг хүргэх төсөв хөрөнгө одоогоор алга. Бэлэн бусаар хэд хэдэн янзаар олгохоор олон хувилбар яригдаж байгаа боловч аль нь ч батлагдаагүй байна. Тэгэхээр үүнийг одоо хэлэхэд арай эрт байна гэлээ.

Хадгаламж банк иргэдийн эх орны хувь хишгийг өмнө нь нийслэлд 60 хорооны 486,137 иргэнд, орон нутагт 524 багийн 636,013 иргэнд олгож байсан бол Хаан банкны шийдвэртэй холбоотой өөрчлөлт хийгдсэнээр нийслэлд 106 хорооны 848,839, орон нутагт1155 багийн 1,541,590 хүнд эх орны хувь хишиг олгох болж байгаа юм байна. Тэгэхээр Хадгаламж банк Монгол Улсын хэмжээнд хүний хөгжлийн сангийн мөнгө олголтын үйлчилгээний 94 хувийг, халамж тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээний 97 хувийг эзэлж байгаа гэсэн үг юм.

Нэмж дуулгахад, Мөн Капитрон банкаар дамжуулан авдаг иргэдийн тухайд банк нь өөчрлөгдөхгүй бол доорх хороодоос бусад хороодын иргэд Хадгаламж банкнаас эх орны хувь хишгээ авах юм.

Салбар, тооцооны төвийн нэр

ХААН банкаар олгох дүүрэг,
хорооны дугаар

Яармаг тооцооны төв

Хан-Уул дүүрэг

4,5-р хороо

Туул тооцооны төв

Хан-Уул дүүрэг

13-р хороо

Хонхор тооцооны төв

Баянзүрх дүүрэг

11-р хороо

Гачуурт тооцооны төв

Баянзүрх дүрэг

20-р хороо

Зүүнсалаа тооцооны төв

Сонгинохайрхан дүүрэг

25-р хороо

Андууд тооцооны төв

Баянгол дүүрэг

2-р хороо

Дархан плаза тооцооны төв

Баянгол дүүрэг

10-р хороо

Сонсголон тооцооны төв

Баянгол дүүрэг

20-р хороо

Налайх тооцооны төв

Налайх дүүрэг

2,4,6-р хороо

 

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж