Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

МОНГОЛД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЪЯ

Шатахууны үнийн өсөлт, хомсдо­лоос шалтгаалан бараа, бүтээг­дэ­хүүний үнэд багагүй өөрчлөлт гараад байгаа. Тухайлбал, нийтийн тээврийнхэн 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж бай­на. Мөн барилгын материалын үнийг ч шатахууны үнэ өсөх сургаар хөдөлгөөд амжсан. Манай сонин “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” хэлэлцүүлэгтээ энэ удаад иргэдийн байр суурийг хүргэж байна.

Д.Хүрэлбат (Бизнес эрхлэгч): БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАР ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА

-Аль ч нийгмийн үед бид шатахуунаа хойд хөршөөс авч ирсэн. Гэтэл ганцхан эх үүсвэрээс авахаа болих хэрэгтэйг шатахууны хомсдол харууллаа. Ийм хараат байдлаас гарах ганц гарц нь боловсруулах үйлдвэр байгуулах ажил юм. Түүнээс гадна манайд шатахууны үнэ өсвөл бүх зүйлийнх нь үнэ тэнгэрт хадчихдаг. Наадмын өмнө шинэ шөл уух санаатай хонь авах гэтэл хамгийн доод тал нь 130 мянган төгрөгийн үнэтэй төлөг зарж байлаа. Дээшээ 190 мянгад хүрсэн. Шатахууны үнэ хотод ийм байхад хөдөөд бүр ч өндөр үнэтэй байгаа биз. Газрын тосны үйлдвэр байгуулах талаар Засгийн газраас хийж байгаа зүйлийг би лав олж харахгүй байна. Үйлдвэр байгуулахаас илүү импортлогч хэдэн баячуудтайгаа харьцах нь хялбар, бас ашигтай байдаг юм байгаа биз.

 
О.Нандинцэцэг (Жолооч): ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН ӨСВӨЛ ТЭЭВЭРЧИД ХҮНД БАЙДАЛД ОРНО

-Бид километр зайд 600 төгрөгөөр үйлчилж байгаа. Үнэ нэмсэнд дургүйцэх иргэн ч цөөнгүй байна. Зарим нь ч ойлгож байгаа. Автобусны зорчих тасалбар 400 төгрөгт хүрээд байхад бид нэмэхээс өөр яах билээ. АИ-92 шатахуун тасрахад бид нэлээд хүнд байдалд орсон. Бүх шатахуун түгээх станцууд картаар олгоно гээд ойртуулахгүй байгаа юм. Аргагүй байдалд орж А-80 шатахуун хэрэглэхэд хүрсэн. А-80 муу шатахуун болохоор машинд халгаатай. Өнөөдөр л гэхэд миний машины мотор, цагаан голд нь дуу орчихсон байна. Хэрвээ тэр мэддэг, чаддаг хүмүүс нь байгаа бол түргэхэн л тэр үйлдвэрээ байгуулаасай гэж хүсэж байна.

С.Пүрэвсүрэн (Багш): БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА ГЭХ ҮГ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ Л ХАРАГДДАГ БАЙХ

-АИ-92 тасрахад над шиг машинаа хашаандаа орхиод ажилдаа автобусаар явсан хүмүүс цөөнгүй байсан байх. Машин усаар ажиллахгүй юм чинь өөр яах вэ дээ. Миний хувьд боловсруулах үйлдвэр барих ажлыг дэмжиж байгаа. Гэхдээ өөрсдөө хийж байна гээд чанаргүй шатахуун үйлдвэрлээд байвал дэмий л дээ. Тийм биш бол яахав гэхсэн. Болж өгвөл олон орноос шатахуун авмаар байгаа юм. Хятадаас гадна БНСУ-аас авсан ч болно шүү дээ. Миний сонссоноор манай Тамсагийн нефтийн ордын газрын тос нь нэрэхэд арай л тохиромжгүй, өтгөн байдаг юм гэсэн. Зөвхөн нефть бус, нүүрсээ боловсруулж болно. Нүүрснээс шатахуун гаргаж байгаа бусад орны технологийг судлах хэрэгтэй. Энэ салбарын мэргэжилтнүүдийн тоог нэмэх, хөрөнгө зарах шаардлагатай. Ер нь ч тэгээд шатахуун хомсдохоор л үйлдвэр байгуулъя, болохоо байлаа гэцгээдэг. Үүнийг бодож үзэх хэрэгтэй байх. Үйлдвэр байгуулна гээч чинь хэдэн эрдэмтдийн яриа, сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс цаашгүй болчихсон байна шүү дээ.

Б.Баттулга (Инженер): ХҮНД МЕХАНИЗМУУД ШАТАХУУНГҮЙ БОЛ ХӨДЛӨХГҮЙ. БИД ГАР МУХАР БОЛНО

-Манай компани компрессор, кран, түрэгч гээд байгаа бүх механизмуудаа ашиглаж ажиллахад шатахуун ууршсан юм шиг л алга болчихдог юм. Энгийн суудлын тэргээс өөр шүү дээ. Гэхдээ түүнийхээ хэрээр их ажил хийсэн байдаг л даа. Ерөөсөө энэ том машинууд байхгүй бол бид газар ч ухаж чадахгүй. Тийм л байгаа. Шатахууны хувьд ямар асуудал гарсныг хүн бүхэн мэдэж байгаа. Одоо Хятадаас шатахуун оруулж ирэх гэж байна гэлээ. Миний сонссоноор хятад шатахуун чанар муутай гэсэн. Чанаргүй шатахуун ёстой хэрэггүй. Машин эвдчихдэг юм. Бид чинь энэ хүнд машинуудтай учраас л ажилладаг. Үгүй бол гар мухар болно шүү дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж