БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

БНСУ Монгол Улсаас  дахин 5000 хүнийг ажиллах хүчээр авахаар болсон билээ. Тэгвэл БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ сарын 26-28-нд орон даяар явуулахаар болжээ. Бүртгэл 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст болно. Иргэд бүртгүүлэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3.5*4.5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг, бүртгэлийн хураамж 30 мянган төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн солонгос хэлний мэдлэгтэй, 18-39 насны, тус улсаас албадан гаргах захирамж гаргуулж байгаагүй, элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ өвчнөөр өвдөөгүй байх зэрэг шаардлагууд тавьж байгаа аж. Бүртгэл дууссаны дараа хэлний шалгалт хэзээ авахыг ирэх  сарын 18-нд олон нийтэд мэдээлэх юм байна.

БНСУ-д ажиллах  хүсэлтэй иргэд болон өмнө нь "Гадаадад ажиллах хүч илгээх төв" ХХК-д бүртгүүлсэн иргэд холбогдох мэдээ, мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн www.labornet.mn буюу www.hudulmur.mn  вэбсайтын баруун дээд буланд байрлах "БНСУ-д ажиллах" цэснээс авч болох юм байна. Мөн тус вэбсайтын "онлайн туслах" болон 70121285, 1287 лавлах утсаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Хөдөлмөрийн төв бирж Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын Номун хотхоны 39 дүгээр байр, Орос III сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байранд байрлаж буйг дашрамд дуулгая.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж