
Монгол Улс 1948 онд Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоосноос хойш БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд 1973, 1985, 2002 онд Монголд айлчилж байжээ. Айлчлалын үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд С.Батболдод бараалхахаар төлөвлөсөн байна.
Мөн УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга Д.Очирбаттай уулзах ажээ. Яриа хэлэлцээний хүрээнд хоёр орны улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор хөтөлбөртөө тусгасан байна.
Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд Гадаад хэргийн сайд Пак Ы Чуны оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнахаар болжээ.