МОНЦАМЭ агентлаг 90 нас хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

МОНЦАМЭ агентлаг 90 нас хүрнэ

МОНЦАМЭ агентлаг МОНТА нэрээр анхныхаа мэдээг 1921 оны гуравдугаар сарын 18-нд “Монголчуудын бослого” нэртэйгээр хилийн чанадад цацаж байсан түүхтэй аж. Мөн Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө боссон тухай өгүүлсэн товч мэдээг дээрх сарын 30-ны өдөр хэвлэн нийтэлжээ.  Улмаар 1921 оны тавдугаар сарын 25-нд Монголын цахилгаан мэдээний газар /МОНТА буюу одоогий МОНЦАМЭ/ “Бюллетень Монголского телеграфного агентства” гэдэг нэртэй сониныг орос хэлээр гаргасан нь анхны гадаад сурталчилгааны сонин болсон аж. Төд удалгүй тухайн оныхоо долдугаар сарын 19-ний өдөр Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ цоо шинэ хуудас нээж МОНТА буюу МОНЦАМЭ байгуулагдаж, эдүгээ 90 жилийн сүүдэр зооглон их ойгоо тэмдэглэх гэж байна. Өнөөг хүртэлх хугацаанд МОНЦАМЭ агентлаг нь улс орноо гадаад ертөнцөд сурталчлах чиг үүргээ алдалгүй биелүүлж, 30 гаруй улсын мэдээллийн агентлагтай мэдээ материал солилцон ажиллах болсон байна. Мөн хятад, япон, орос, англи хэл дээр болон монгол бичгээр долоо хоног тутам сонин гаргаж, өдөр тутмын мэдээ мэдээллийн “МОНЦАМЭ мэдээ” дотоод сониндоо нийтлэхээс гадна өдөр бүр орос, англи хэл дээрх мэдээг гадаадын агентлагуудад илгээдэг болжээ. Улирал тутмын “Mongolia Today” сэтгүүл, жил бүр Монгол Улсын тухай лавлах бэлтгэн гаргаж байгаа төдийгүй Орос-Монгол Улсын найрсаг харилцааны түүхэн гэрч болсон 40 жилийн түүхтэй “Новости Монголий”, дэлхийн хэл бол англи дээр хэвлэгдэн 20 насны ойндоо хүрсэн “Mongol Messenger”, 80 жил урд хөршийн харилцааг “манаж” яваа “Мэнгү Сяоси бао”, наран улсын бэлгэдэлтэй “Монгору Цушин” сонин МОНЦАМЭ-гаар овоглож, стратегийн ач холбогдолтой улсуудын өөрсдийнх нь хэлээр дотоод мэдээллээ шуурхай түгээх үүргээ гүйцэтгэж байгаа аж.

Ийн Монгол Улсынхаа нэрийн хуудас болсон МОНЦАМЭ агентлагийнхан 90 жилийн ойгоо энэ сарын 19-нд тэмдэглэхээр болжээ.

Ойн хүрээнд баярын хурлаа маргааш Улсын драмын эрдмийн театрт хийхээр болоод байна. Уг баярын хуралд 21 аймаг дахь сурвалжлагч, Вашингтон, Москва, Бээжин дэх тусгай сурвалжлагч нар нь хүрэлцэн ирж, агентлагийнхаа өнөөгийн байдал, хэтийн зорилтын талаар хэлэлцэхээр болсон байна. Мөн  агентлагийн телесутидээс бүтээсэн “МОНЦАМЭ-90” баримтат киног үзэхээр төлөвлөжээ.

Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлах, их үйлсийг 90 жилийн турш тасралтгүй үргэлжлүүлж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын түүчээ болж яваа МОНЦАМЭ агентлагийн үе, үеийн сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчиддаа www.news.mn .вэб сайт, “Ардын эрх” сонины хамт олон баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

Үзэг нь хурц, үг нь мэргэн байх болтугай.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж