Монгол наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Монгол наадам эхэллээ

Уясан морьд нь уяан дээрээ эргэцэж, унасан хүүхдийнх гийгоон дуунд дэлхий бүүвэйлэгдэж, хүчит бөхийн уран барилдаан нь уулсыг өндөлжүүлж, оньч мэргэдийн харвасан сум нь шувуудыг цуцаах дэнж хотойтол наадах  дэлхийд ганцхан  монгол наадам эхэллээ. Энэ жилийн наадам их гоё болох дэг ээ. Түүхт дөрвөн их ой зэрэгцсэн нь түмний сэтгэлд эгшиглэх баярын сэтгэлд улам хөг нэмж байна. Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ. Дорнын хөх тэнгэрийг донсолгож, хүлэг морьд эргэлээ .Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа .Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ.  Хvннv гvрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн тvvхт ойн мэндийг монгол түмэндээ хүргэе.

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
гэх Ш.Гүрбазарын “Дээлтэй наадам” шүлгийг мэдэхгүй хүн ховорхон биз ээ. Наадам гэдэг өөрийн гэх аялгуутай, наадам бүхэн өөр өөрийн түүхтэй, бас онцлогтой. Үзүүр, түрүүний бөхчүүд, үрээ морьдын уралдаан, аав ээжийгээ даган хөөрөх багачууд, айраг шимэнгээ таавар өрнүүлэх ахмадууд. Ай Монгол наадмыг үзэхгүйгээр өнгөрөхийн аргагүй, бас үгээр илэрхийлэхийн аргагүй.

Суусрын гvйдэлт салхи шанхаар наадан сэвэлзсэнээс

Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос

Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу…

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн энэ шүлгийг монгол хүн бүр мэднэ.  Монгол наадмыг морьгүй, бөхгүй, харваачгүйгээр төсөөлөшгүй. Бас хуушуургүй, айраг цагаагүйгээр амтлах аргагүй.

Эр бяраараа эзэн нь байж
Эрмэг хурдаараа тод магнай байж
Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж,
Их ойн баяраа нижгэр тэмдэглэж, дэнж хотойтол сайхан наадаарай, та бүхэн.

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр


Долдугаар сарын 11. /Даваа/

  • 8.00-10.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт
  • 10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
  • 11.00 Төрийн есөн хөлт цагаантугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
  • 11.10 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
  • 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр явагдана/
  • 11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт
  • 12.10-16.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.00-13.30 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
  • 13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
  • 14.00-16.40 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 14.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
  • 14.00-17.00 Үндэсний сурын харваа Сурын талбайд
  • 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
  • 16.40-20.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 19.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд
  • 23.00 Баяр наадмын ёслолын буудлага

Долдугаар сарын 12. /Мягмар/

  • 7.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 9.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт
  • 9.00-14.00 Сурын харвааны шигшээ харваа Сурын талбайд
  • 9.00-11.30 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
  • 9.30-10.30 Хүүхдийн барилдааны гурвын даваа
  • 10.50-12.10 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
  • 11.00-13.00 Дааганы уралдаан Хүй долоон худагт
  • 11.40-13.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
  • 14.00. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт
  • 14.10-14.30 Үндэсний сурын шилдэг харваачдын үзүүлэх харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 14.00-15.30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 15.30-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
  • 15.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
  • 15.50 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
  • 15.50-17.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
  • 17.00-17.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна
  • 16.10-16.40 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
  • 17.20-18.10 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
  • 18.00-18.30 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
  • 18.10-18.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Начин”, “Харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
  • 18.20-18.50 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
  • 19.10-19.30 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
  • 19.30-19.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан”, ”Гарьд”цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
  • 19.50-20.20 Хүчит бөхийн барилдааны аравын даваа
  • 20.40-20.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. 
  • 20.55-21.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
  • 21.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн тугийг төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж