“Сууж босч болох уу хурандаа…”

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

“Сууж босч болох уу хурандаа…”

Цагдаагийнхан өнөөдөр сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхнийг урин дуудаж уулзав. Энэ бол баяр наадмын “их тулаан”-ы өмнөх уулзалт. Аливаа баяр наадмаар сэтгүүлчид болон цагдаагийн хамгийн ойр нүүр тулан ажилладаг. Заримдаа ч  үг сөргөлдөж, хэрүүл маргаан, чирж гулдралцах дээрээ тулдаг. Тэгээд яахав дээ, хаа газар хэрэлдэхдээ хэрэлдэж, найзлахдаа найзалж байдаг юм болохоор арга эвээ ололцоод л ажиллана даа. Ямар сайндаа цагдаагийнхан “За даа бид ч ямар наадам зохион байгуулж, та нар ч наадмын сурвалжлага хийж үзээгүй биш, тэгсгээд болно биз дээ, хөө” гэж суух вэ дээ. Наадмаар цагдаа хэвлэлийнхний хооронд ялимгүй үл ойлголцол гарч л байдаг, заримдаа ч зодолдохын наагуур ч юм болдог. Гэхдээ л наадам дуусахад мөр мөрөө алгадаад, эв найрамдалтайгаар “салдаг” юм хойно. Хэвлэлийнхэн ч цагдаагийнхан ч наадмын дараа “Хоёр яс саллаа” даа гэх шахуу урт амьсгаа авдаг.

Энэ жилийн хувьд хэвлэл мэдээллийнхнийг ажиллах боломжийг дээд зэргээр хангахыг хичээнэ гэж цагдаагийнхан амлав. “Бараг л та нарын төлөө л ажиллах болоод байдаг даа, наадмаар…” гэж хошигнож байлаа. Ерөнхийдөө хэвлэлийнхэн жил жилийн наадмыг сурвалжлаад хэвшихсэн, хаагуур яасхийж “шогших”, хэдийд ямар багцааны зураг авах боломжтой, басхүү аль хэсгээр хамгаалалт сулавтар байгааг ашиглан морь бөхөнд ойртох муу залиа ч андахгүй мэднэ. Цагдаагийнхан ч хэвлэлийнхэн та нарынхаа ажлыг ойлголгүй яах вэ. Гэхдээ заримдаа та нар ч барилдаж байгаа хоёр бөхийн дунд орж, доороос нь зураг авья шахуу л юм ярьж “давардаг” хүмүүс шүү” гэх. Магадгүй хэдэн мянган үзэгчдээс илүүтэй төвөг болдог хүмүүс нь хэвлэлийнхэн байх. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалан энэ удаад морь барины газраас айраг түрүүний морьдыг хашдаг хашаа хүртэл гүйлдэхгүй байж болохгүй юм уу гэсэн эелдэг санал хэлэв. Морьд барианд ороход зургаа авсан сэтгүүлч, операторууд хашаан дээр очиж түрүүлсэн морьдыг зургийг, уяачдаас нь сэтгэгдлийг нь сонсох гээд эгээ уралдаж байгаа хурдан морьд шиг гүйлдэцгээдэг. “Ингэхгүйгээр бариан, хашаа хоёрт тус тусад нь сурвалжлагын групп томилж болдоггүй юм уу” гэж хурандаа асуухад хэвлэлийнхэн төв цэнгэлдэхэд 2-3, түүнээс ч олон камертай сурвалжлах хэсэг гаргадаг. Морь, сур гээд олон газар сурвалжлага хийхэд хүн хүч, техник хүрэлцдэггүй гэж учирлах. Аргаа барсан хурандаа “Та нарыг хуйгаараа пижигнэтэл гүйхээр ард түмэн ч бас дагаж гүйх гээд. Ядаж байхад тэр нохойтой хамгаалалтын нохой нь боргиж хуцаад, хүмүүс дагаж гүйх гэж хуйлраад хэцүү байх юм аа” гэж зовлон тоочих. Ингэж ингэж сүүлдээ хурандаа ерөөсөө хамаг хүний сэтгэлийг хоёрдуулж гүйлдэж байхаар нэг автосунд суугаад хашаа руу давхидаг бол ямар вэ гэсэн санал гаргав. Хэвлэлийнхэн ч дуртай байлгүй яах вэ. Гэтэл автобусыг хэн бэлтгэх вэ гэсэн асуудал гарч хашир хурандаа нэг арга бодохоор болж үлдэв.

Бас нэг хэрүүлийн сэдэв нь төв цэнгэлдэхийн ногоон талбайд оператор зураглаачид  сэрийлдэж, үзэгчид тэднийг “зайлуулах”-ыг шаарддаг. Хурандаа дахиад л арга сэдэж камераа тохируулчихаад доошоогоо суучихаж болдоггүй юм уу гэж учирлах. Сэтгүүлчид ч чимээгүйхэн байтал “За тэгээд бүгдээрээ суух боллоо” гэж зарлаж операториудыг зүрхийг зогсоох шахав. Тиймээс энэ үед амжуулан “Хүүе, та “суу” гэдэг команд өгч болохгүй шүү. Яахав бид заримдаа суугаад заримдаа босоод байя, тэгэх үү” гэж “дэглэм”-ийг жаахан зөөлрүүлэв. Хурандаа бүх операториуд сууж байх ёстой гэсэн команд өгчих юм бүр баларлаа шүү дээ. Ядаж байхад хурандаагийн суу гэдэг команд хамгаалалтын ахлагч дээр ирэхдээ “хэвт” гэж хувирах ч юм билүү. Манайхан чинь шат шатандаа дарга нарынхаа тушаалыг чангаруулаад байдаг улс. Ингэхэд дахин сануулахад цагдаагийн дарга чинь “суу” гээгүй хааяа суугаад, хааяа босоод эв тааваараа зургаа ав гэж хэлсэн шүү.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж