Тавантолгой & Сонгуулийн хууль

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Тавантолгой & Сонгуулийн хууль

УИХ-ын хаврын чуулган өнөө­дөр хаана. Сонгуулийн хуулийн өөрч­лөлт дээр хоёр нам санал зөрс­нөөс болж Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанаас завсар­лага авсаар сар шахам хугацаа өн­гөрсөн билээ. Хэдийгээр энэ хуга­цаанд хоёр намаас байгуулсан зөв­­шил­цөх ажлын хэсгийнхэн дун­­дын хувилбарт хүрч чадаагүй, хоёр тал өөр өөрийн байр суурийг хамгаалсааар байгаа ч өчигдөр үдээс хойш хуралдсан Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас УИХ-ын хаврын чуулганыг хаалгах шийдвэр гаргалаа. Энэ нь чуулганы хуралдааныг хуулийн хугацаанд нь хаалгах шаардлага байсантай холбоотой гэж тус намын бүлгийнхэн хэлж байна. Хаалтын хуралдаанаар 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012 оны төсвийн үндсэн чиглэл, ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.

Өнгөрөгч лхагва гаригт хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаас хоёр намын ажлын хэсгийн ахлагч нар “намын бүлгүүд чуулганы нэгдсэн хуралдааныг хэвийн үргэлжлүүлж, хүлээгдэж буй асуудлуудаа хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх” тохиролцоонд хүрсэн ч Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи нь үүнийг эсэргүүцэж, “Сонгуулийн хуулийн өөрчлөлт, тогтолцооны шинэчлэлийн асуудал дээр МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө гаргасан шийдвэрийг эргэж харах хүртэл хуралдаанд оролцохгүй” гэсэн билээ. Тиймээс пүрэв га­ригт зарлагдаад байсан байнгын хороо­дын хуралдаанд Ардчилсан намын бүлэг оролцолгүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирцийг МАН-ын бүлэг дангаараа бүрдүүлэн хуралдахад хүрсэн билээ. Харин өчигдөр хуралд­сан Ардчилсан намын бүлгийн ху­ралдаанаас чуулганы нэгдсэн хурал­даанд оролцох шийдвэр гаргасан бас нэг шалтгаан нь нөгөөх л Тавантолгойн асуудал бололтой.

Одоогийн байдлаар УИХ дахь хоёр намын бүлэг Сонгуулийн тогтолцооны асуудал дээр санал зөрүүтэй хэвээр, Ардчилсан намын бүлэг пропорциональ давамгайлсан 50:26, МАН-ын бүлэг мажо­ритари давамгайлсан 24:52-оо хамгаалсаар байгаа. Хоёр намын саналын энэ хол зөрүүтэй байдлаас болж  уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх хүртлээ өндөр аваад /МАН-ын бүлгээс энэ саналыг гаргасан/ байсан уг асуудал дээр Ардчилсан намын бүлэг буулт хийж, 38:38 гэдэг дундын хувилбарыг гаргаж ирсэн. Гэвч МАН-ын бүлэг хүлээж авалгүй, оронд нь “Тавантолгойн хэлэл­цээ­рийг дэмжүүлэхийг хүсвэл Сонгуулийн хуулийг манай хувил­бараар шийд” гэсэн тул­галтыг хийсэн билээ. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүд ажлын хэсгийн дарга нарын хийсэн тохиролцоог эсэргүүцэн байнгын хороодын хуралдаанд ороогүй.

Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Тавантолгойн ордын ашиглалтыг хүлээсэн олон улсын баг, хөрөнгө оруулагчдын тэсвэр тэвчээр алдрахад хү­рээд байгаа тул Засгийн газ­­раас удахгүй УИХ-д оруулж ирэх Тавантолгойн хөрөн­гө оруулагчдын багийг шалга­руулсан саналаа дэмжүү­лэхийн тулд Сонгуулийн тог­тол­цооны асуудлыг хойш тавьж, буулт хийхэд хүрсэн бололтой. “Уг нь сонгуулийн тогтолцоогоо явуулахын тулд хурал хаяж бойкот зарласан биз дээ, гэтэл нөхдүүд эцэстээ юуны төлөө бойкот хийсэн зарчмаа мартчих юм даа” гэх харамсал ч бүлгийн зарим гишүүдийн зүгээс сонсогдож л байна. Гэвч олонхийн шийдвэр бол олонхийн л шийдвэр шүү дээ.

Тавантолгойн ордын хөрөн­гө оруулагчдыг шалгаруулсан тендерийн саналаа Засгийн газар ҮАБЗ-д хүргүүлснээс хойш өнөөдөр дөрөв хонож байна. Өмнө нь хоёр ч удаа ҮАБЗ-өөр хэлэлцсэн дээрх төслийг энэ удаа эцсийн байдлаар нь Аюулгүйн зөвлөл хэлэлцэх бөгөөд энэ тухай санал, зөвлөмжөө Засгийн газарт өгсний дараа Засгийн газар УИХ-аар оруулж хэлэлцүүлэх юм. Энэ нь магадгүй ирэх намрын чуулгантай золгож ч мэднэ. Учир нь ҮАБЗ-ийн даргын эдийн засгийн бодлогын зөвлөх нь өчигдрийн сонин дээр уг Засгийн газрын саналыг “Зөөлхөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал ирүүлсэн учраас нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзэх хэрэгтэй” гэсэн байна лээ.

Одоогоор уг ордыг ашиг­лалт, геополитикийн асуудал дээр Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувийн оролцоотой  байна гэсэн тооцоог  ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, түү­нийг нь Засгийн газар сайшаан ҮАБЗ-д шилжүүлээд байгаа. Харин тендерт тунаж үлдээд байсан талууд болох Япон, солонгосчууд “Монголын Зас­гийн газар хэт нэг талыг барь­сан шийдвэр гаргав” хэмээн гомдоллоод байгаа. Энэ маргаан ирэх намар хүртэл үргэлжилж, Монголын тал ч бас шийдвэрээ эргэж харахад хүрэхийг үгүйсгэх аргагүй.

Тавантолгойн ордын хэлэл­цээрээр барьцаалаад байгаа сон­гуулийн тогтолцооны шинэч­лэлийн асуудал ч мөн л тодорхойгүй хэвээр байна. Өчигдөр хуралдсан Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр ажлын хэсгийнхэн “Сонгуулийн хуулийг ирэх намрын чуулганаар заавал оруулж батлуулна” гэсэн ам андгайтайгаар гишүүдээ хаврын чуулганы хаалтын хуралдаанд оруулахаар болсон ч хоёр намын бүлгийн зүгээс яг одоогийн байдлаар дундын хувилбар гэх зүйл гаргаж ирээгүй гэдгийг дээр хэлсэн. Харин өмнө нь УИХ дахь намын бүлгүүд дээр танилцуулагдсан ч анхаарал таталгүй өнгөрсөн бас нэгэн хувилбарыг ирэх намрын чуулганд оруулж хэлэлцүүлэх тухай ажлын хэсгийнхэн ярьж байна.

Германд одоо хэрэглэж бай­гаа энэ системийг мажоритарид суурилсан пропорциональ гэж хэлж болох аж. Мажоритари тойргууд дээр нэр дэвшигчдээр санал авах боловч ерөнхий дүн нь хувь тэнцүүлсэн байдлаар гарна гэсэн үг. Энэ тохиолдолд намын бүлгүүд дээр маргаад байгаа мажоритари, пропориональ тойргийн тоо ямар байх нь хамаагүй. Үндсэн дүнгээрээ намуудын авсан саналд тулгуур­лан парламентийн суудлыг хуваа­рилах юм. Тодруулбал, тойргууд дээр /38, 52, 26 байхаас үл хамааран/ нэр дэвшигчид 50+1 гэсэн саналаар шууд УИХ-д сонгогдох бөгөөд 50 хувийн санал авч чадаагүйг нь санал авсан эрэмбээр нь жагсааж, тухайн намын авсан саналын хувьд тэнцүүлэн нэрсийг урагш гүйлгэх аж. Өөрөөр хэлбэл, нэг намаас нэр дэвшсэн 38 хүний найм нь 50+1 гэсэн саналаар шууд сонгогдлоо гэхэд үлдсэн 30 нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, намын нэрээр авсан саналын хувьд тэнцүүлэн парламентад оруулна. Нам нь нийт сонгогчдын 40 хувийн санал авсан бол 76/100*40=30 суудлыг нэмж хуваарилна гэсэн үг.

Ингээд тус намын авсан сууд­лын тоо 38 болж байна. Харин сонгогчид нэр дэвшигч болон намыг тус тусад нь дугуйлна. Нэг талаас мажоритари тойрог дээр суурилсан сонгууль боловч, нийт дүн нь хувь тэнцүүлсэн байдлаар гарна. Тиймээс мажоритари суудлын тоо хэд байх нь хамаагүй боловч хамгийн гол нь тойрог бүр дэх сонгогчдын тоо тэнцүү байх ёстой. Ингэж байж сонгогчдын өгсөн санал парламентад үнэн зөвөөр тусах юм. Тиймээс хэрвээ энэ хувилбараар сонгуулийн хуулиа гаргана гэвэл одоо байгаа сонгуулийн тойргуудаа шинэчилж, хүн амын тоондоо тэнцүүлэн дахин хуваарилах ёстой болж байна. Харин МАН-ын бүлгийн зүтгүүлж байгаа шиг одоо байгаа 26 тойргоо яг тэр хэвээр нь дундуур нь хуваагаад 52 жижиг тойрог болгоно гэвэл энэ системийн давуу тал харагдахгүй болно.

Ямартаа ч Сонгуулийн тог­­тол­цооны шинэчлэлийг зог­­соохгүйн тулд, мөн Таван­толгойн ордын ашиглалтыг урагшлуулахын тулд ажлын хэсгийн түвшинд эрэл хайгуул хийсээр байна. Харин үр дүн хэзээ гарахыг хэлэхэд хэцүү. Тэр тусмаа уул уурхайгаас орж ирэх их мөнгөнд шунан эдийн засгийн асуудлуудаа урагш тавиад, улс төрийн гол шийдлүүдээ хийж чадахгүй хойш тавьж, нэг асуудлыг нөгөөгөөр нь цохиж унагаасаар байвал бүр л харамсалтай.

Б.СЭМҮҮН

"Зохиогчийн эрх" Ардын эрх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж