
Өнгөрөгч лхагва гаригт хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаас хоёр намын ажлын хэсгийн ахлагч нар “намын бүлгүүд чуулганы нэгдсэн хуралдааныг хэвийн үргэлжлүүлж, хүлээгдэж буй асуудлуудаа хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх” тохиролцоонд хүрсэн ч Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи нь үүнийг эсэргүүцэж, “Сонгуулийн хуулийн өөрчлөлт, тогтолцооны шинэчлэлийн асуудал дээр МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө гаргасан шийдвэрийг эргэж харах хүртэл хуралдаанд оролцохгүй” гэсэн билээ. Тиймээс пүрэв гаригт зарлагдаад байсан байнгын хороодын хуралдаанд Ардчилсан намын бүлэг оролцолгүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирцийг МАН-ын бүлэг дангаараа бүрдүүлэн хуралдахад хүрсэн билээ. Харин өчигдөр хуралдсан Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох шийдвэр гаргасан бас нэг шалтгаан нь нөгөөх л Тавантолгойн асуудал бололтой.
Одоогийн байдлаар УИХ дахь хоёр намын бүлэг Сонгуулийн тогтолцооны асуудал дээр санал зөрүүтэй хэвээр, Ардчилсан намын бүлэг пропорциональ давамгайлсан 50:26, МАН-ын бүлэг мажоритари давамгайлсан 24:52-оо хамгаалсаар байгаа. Хоёр намын саналын энэ хол зөрүүтэй байдлаас болж уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх хүртлээ өндөр аваад /МАН-ын бүлгээс энэ саналыг гаргасан/ байсан уг асуудал дээр Ардчилсан намын бүлэг буулт хийж, 38:38 гэдэг дундын хувилбарыг гаргаж ирсэн. Гэвч МАН-ын бүлэг хүлээж авалгүй, оронд нь “Тавантолгойн хэлэлцээрийг дэмжүүлэхийг хүсвэл Сонгуулийн хуулийг манай хувилбараар шийд” гэсэн тулгалтыг хийсэн билээ. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүд ажлын хэсгийн дарга нарын хийсэн тохиролцоог эсэргүүцэн байнгын хороодын хуралдаанд ороогүй.
Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Тавантолгойн ордын ашиглалтыг хүлээсэн олон улсын баг, хөрөнгө оруулагчдын тэсвэр тэвчээр алдрахад хүрээд байгаа тул Засгийн газраас удахгүй УИХ-д оруулж ирэх Тавантолгойн хөрөнгө оруулагчдын багийг шалгаруулсан саналаа дэмжүүлэхийн тулд Сонгуулийн тогтолцооны асуудлыг хойш тавьж, буулт хийхэд хүрсэн бололтой. “Уг нь сонгуулийн тогтолцоогоо явуулахын тулд хурал хаяж бойкот зарласан биз дээ, гэтэл нөхдүүд эцэстээ юуны төлөө бойкот хийсэн зарчмаа мартчих юм даа” гэх харамсал ч бүлгийн зарим гишүүдийн зүгээс сонсогдож л байна. Гэвч олонхийн шийдвэр бол олонхийн л шийдвэр шүү дээ.
Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчдыг шалгаруулсан тендерийн саналаа Засгийн газар ҮАБЗ-д хүргүүлснээс хойш өнөөдөр дөрөв хонож байна. Өмнө нь хоёр ч удаа ҮАБЗ-өөр хэлэлцсэн дээрх төслийг энэ удаа эцсийн байдлаар нь Аюулгүйн зөвлөл хэлэлцэх бөгөөд энэ тухай санал, зөвлөмжөө Засгийн газарт өгсний дараа Засгийн газар УИХ-аар оруулж хэлэлцүүлэх юм. Энэ нь магадгүй ирэх намрын чуулгантай золгож ч мэднэ. Учир нь ҮАБЗ-ийн даргын эдийн засгийн бодлогын зөвлөх нь өчигдрийн сонин дээр уг Засгийн газрын саналыг “Зөөлхөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал ирүүлсэн учраас нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзэх хэрэгтэй” гэсэн байна лээ.
Одоогоор уг ордыг ашиглалт, геополитикийн асуудал дээр Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувийн оролцоотой байна гэсэн тооцоог ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, түүнийг нь Засгийн газар сайшаан ҮАБЗ-д шилжүүлээд байгаа. Харин тендерт тунаж үлдээд байсан талууд болох Япон, солонгосчууд “Монголын Засгийн газар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргав” хэмээн гомдоллоод байгаа. Энэ маргаан ирэх намар хүртэл үргэлжилж, Монголын тал ч бас шийдвэрээ эргэж харахад хүрэхийг үгүйсгэх аргагүй.
Тавантолгойн ордын хэлэлцээрээр барьцаалаад байгаа сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн асуудал ч мөн л тодорхойгүй хэвээр байна. Өчигдөр хуралдсан Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр ажлын хэсгийнхэн “Сонгуулийн хуулийг ирэх намрын чуулганаар заавал оруулж батлуулна” гэсэн ам андгайтайгаар гишүүдээ хаврын чуулганы хаалтын хуралдаанд оруулахаар болсон ч хоёр намын бүлгийн зүгээс яг одоогийн байдлаар дундын хувилбар гэх зүйл гаргаж ирээгүй гэдгийг дээр хэлсэн. Харин өмнө нь УИХ дахь намын бүлгүүд дээр танилцуулагдсан ч анхаарал таталгүй өнгөрсөн бас нэгэн хувилбарыг ирэх намрын чуулганд оруулж хэлэлцүүлэх тухай ажлын хэсгийнхэн ярьж байна.
Германд одоо хэрэглэж байгаа энэ системийг мажоритарид суурилсан пропорциональ гэж хэлж болох аж. Мажоритари тойргууд дээр нэр дэвшигчдээр санал авах боловч ерөнхий дүн нь хувь тэнцүүлсэн байдлаар гарна гэсэн үг. Энэ тохиолдолд намын бүлгүүд дээр маргаад байгаа мажоритари, пропориональ тойргийн тоо ямар байх нь хамаагүй. Үндсэн дүнгээрээ намуудын авсан саналд тулгуурлан парламентийн суудлыг хуваарилах юм. Тодруулбал, тойргууд дээр /38, 52, 26 байхаас үл хамааран/ нэр дэвшигчид 50+1 гэсэн саналаар шууд УИХ-д сонгогдох бөгөөд 50 хувийн санал авч чадаагүйг нь санал авсан эрэмбээр нь жагсааж, тухайн намын авсан саналын хувьд тэнцүүлэн нэрсийг урагш гүйлгэх аж. Өөрөөр хэлбэл, нэг намаас нэр дэвшсэн 38 хүний найм нь 50+1 гэсэн саналаар шууд сонгогдлоо гэхэд үлдсэн 30 нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, намын нэрээр авсан саналын хувьд тэнцүүлэн парламентад оруулна. Нам нь нийт сонгогчдын 40 хувийн санал авсан бол 76/100*40=30 суудлыг нэмж хуваарилна гэсэн үг.
Ингээд тус намын авсан суудлын тоо 38 болж байна. Харин сонгогчид нэр дэвшигч болон намыг тус тусад нь дугуйлна. Нэг талаас мажоритари тойрог дээр суурилсан сонгууль боловч, нийт дүн нь хувь тэнцүүлсэн байдлаар гарна. Тиймээс мажоритари суудлын тоо хэд байх нь хамаагүй боловч хамгийн гол нь тойрог бүр дэх сонгогчдын тоо тэнцүү байх ёстой. Ингэж байж сонгогчдын өгсөн санал парламентад үнэн зөвөөр тусах юм. Тиймээс хэрвээ энэ хувилбараар сонгуулийн хуулиа гаргана гэвэл одоо байгаа сонгуулийн тойргуудаа шинэчилж, хүн амын тоондоо тэнцүүлэн дахин хуваарилах ёстой болж байна. Харин МАН-ын бүлгийн зүтгүүлж байгаа шиг одоо байгаа 26 тойргоо яг тэр хэвээр нь дундуур нь хуваагаад 52 жижиг тойрог болгоно гэвэл энэ системийн давуу тал харагдахгүй болно.
Ямартаа ч Сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг зогсоохгүйн тулд, мөн Тавантолгойн ордын ашиглалтыг урагшлуулахын тулд ажлын хэсгийн түвшинд эрэл хайгуул хийсээр байна. Харин үр дүн хэзээ гарахыг хэлэхэд хэцүү. Тэр тусмаа уул уурхайгаас орж ирэх их мөнгөнд шунан эдийн засгийн асуудлуудаа урагш тавиад, улс төрийн гол шийдлүүдээ хийж чадахгүй хойш тавьж, нэг асуудлыг нөгөөгөөр нь цохиж унагаасаар байвал бүр л харамсалтай.
"Зохиогчийн эрх" Ардын эрх