Богдын музей “үүц”-ээ задаллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Богдын музей “үүц”-ээ задаллаа

Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсаа байгуулсны 100 жилийн ой, Үндэстний их баяр наадмын 90 жилийн ойд  зориулсан Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын ховор, нандин цуглуулгын дээжээс сорчлон дэлгэж, нийтийн хүртээл болголоо. Энэ удаагийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн онцлог нь ихэнх үзмэрүүд олны өмнө анх удаа дэлгэгдэж буйд оршино.

Очирваань бурхныг Монголыг даагч бурхан хэмээн эрт дээр үеэс төрийн бэлгэдэл болгон уламжлалт томоохон баяр ёслолоороо гарган тахидаг байжээ. Тиймээс үндэсний их баяр наадамд зориулан дэлгэж буй энэхүү үзэсгэлэнгийн гол талбайд Очирваань бурхныг залсан байлаа. Зээг бүрийг нь  зоосон ширээгээр урлан хийсэн энэ бурхны хийцийг цаг хугацааны хувьд зээгт наамлуудаас нэлээн эрт буюу V Богдын  цаг үетэй холбоотой гэсэн саналыг музейн зүгээс дэвшүүлээд байгаа ажээ.

Үзэсгэлэнгийн онцлог үзмэрүүд гэвэл, хоёр зааны гавлын ясыг нэрлэж болно. Энэ нь тухайн үед Богдын музейд хоёр заан байсныг гэрчилж буй. Тэдгээрийн нэгний нь түүх нэлээд тодорхой. 1913 онд Монголд авчирсан бөгөөд 1924 онд Богд насан эцэслэсний дараа буюу 1926 онд тэрхүү зааныг үхсэн гэж үздэг. Харин хөгшчүүлийн яриагаар түүнээс ч хойш Богдын ордонд заан байсан гэх. Энэхүү үзмэрт дэлгэгдсэн зааны цагаан гавлын ясыг музейн зүгээс сүүлд байсан зааны гавлын яс байх хэмээн таамагладаг юм байна. Уг зааны гавлын ясны болон дунд чөмөг, эрүүний ясны үзмэр нь Монголдоо ганцхан Богд хааны ордон музейд л хадгалагдаж байдаг ажээ.

Мөн энэхүү ховор үзмэрийн үзэсгэлэнд Монгол гэрт зориулан урласан 16 Найдан бурхан ба хоёр туслах, дөрвөн Махранзынхаа хамт Монгол гэрт тойруулан тавихад яг таарах ханын хөшгийн чимэг байлаа. Монголд төдийлөн байхгүй эд өлгийн ховор үзмэр өнөөг хүртэл гэмтэж, сэвтэлгүй, маш сайн хадгалагдаж иржээ.

Түүнчлэн эмнэлгийн мэс заслын багажууд олны нүдийг хужирлаж байлаа. Эдгээр нь хааны ордонд хадгалагдаж үлдсэн гэдгээрээ хааны биед хэрэглэгдэж байсан гэх таамаглалууд байдаг юм билээ. Үүнд нарийн мэсийг жижиг могой ороон бүтээсэн төөнүүрийн зүү хүртэл байсан юм.

Зарим эх сурвалжид Богд хааныг мэргэ төлөг үздэг хүн байсан хэмээсэн байдаг. Тус үзмэрт байсан эртний түвд үсэг бүхий хэд хэдэн шоо, мэргийн хулс, аранжин шагай зэрэг нь  үүнийг гэрчлэх мэт нууцаа хадгалан өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. Түүнчлэн Монголчууд эртнээс газар шинжих ухаанд гүн нэвтэрсэн хүмүүс байсан. Үүнийг гэрчлэх Юань гүрний үеийн зоосыг хэлхсэн эд өлгийн зүйл болон яст мэлхийн яс, дунгийн хальс зэргийг дэлгэжээ. Гэхдээ тухайн үед эдгээр зүйлсийг чухам яаж хэрэглэж байсан нь тодорхой бус бөгөөд энэхүү нэрээрээ бичигдэн музейн сан хөмрөгт хадгалагдан үлджээ.

Одоогийн Богд хааны ордон музей байгаа газрыг маш өндөр төвшинд шинжилсэн гэдэг нь тодорхой байдаг аж. Учир нь 1966 оны үерийн үеэр голдоо ойрхон байрлах тус музейн газар усанд авталгүй, хуурай үлджээ. Яг тухайн үед газар шинжих ёсныхоо үүднээс олон талаасаа авч үздэг байсан боловч энэ газрын чулуулгын нягтрал, газрын байдал, олон жилийн урсац яаж тойрдог зэргийг ямар аргаар хэрхэн гаргаж, чухам ямар байдлаар хааны ордныг энэхүү багажаар хэмжиж байгуулсан нь одоог хүртэл нууцаараа үлджээ.

Өмнө нь дэлгэж байгаагаагүй сонирхолтой үзмэрүүдээр энэ удаагийн үзэсгэлэнг чимсний нэг нь хөрөө загасны хошуугаар хийсэн сэлэм. Тус музейн санд том жижиг хэмжээний хөрөө загасны чихмэлүүд байдаг ч энэ удаад үзмэрт дэлгэхэд шаардлага хангахааргүй, сэргээн засварлах шаардлагатай байсан тул хамгийн том сэрээ загасны хошуугаар хийсэн сэлмийг дэлгэжээ. Харин түүний цаана 13 дугаар зууны Персийн хааны үетэй холбоотой байж магадгүй араб бичигтэй сэлмийг шилэн хоргонд байрлуулжээ.

Тунара, эртний эрдэмтэй лам нар байгалийн гамшиг тохиолдоход номын хүчээр үүндээ орж хорогддог байсан гэсэн домогтой эртний зүйл. Галзуу үхрийн эврээр хийдэг энэхүү тунара нь овор хэмжээний хувьд ч том биш бөгөөд тухайн үеийн лам хуврагуудын номын эрдмийн гайхамшгийг өөртөө нууцалсаар үлджээ. Мөн эрдэмтэй лам нар номын хүчээр эрчилсэн эртний ган сэлмийг дэлгэн харуулж. Тус музейн зүгээс Монголд ийм төрлийн сэлэм хэд байдгийг судалж үзэхэд таваас зургаан ширхэг л байсан тухай үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тайлбарлан хэлж байлаа.  Манзушир бурхны танкаг энэхүү эрчилсэн сэлмийн хажууд дэглэн тавьсан нь цаана учиртай гэнэ. Манзушир бурхан нь энх амгаланг тогтоохоор баруун гартаа сэлэм барьсан байдаг ажээ. Танка зургийн нэг онцлог нь Богдын музей оршин байгаа Манзушир бурхны хөрөг дотроос хамгийн том хэмжээтэй нь гэнэ.

Богдын музейн цуглуулгуулын тодорхой хувийг маш сайн хадгалагдсан хаш үзмэрүүд эзэлдэг бөгөөд энэ удаад хаш бурхны сийлбэрийг төлөөлөл болгон тавьжээ. Музейн сан хөмрөгөөс Цагаан дарь эхийн хамгийн том хэжээтэй шороон будаг буюу танкагийн төлөөллийг уг үзэсгэлэнд дэлгэн харуулсан байв. Хамгийн сонирхол татсан үзмэр бол ямааны эвэр шиг хэлбэртэй зэсээр бөгжилсөн томоохон хэмжээний хоёр эвэр байлаа.

Яг ийм эвэр долоон ширхэг байдаг бөгөөд музейн тайлбартаа “үл мэдэгдэх том амьтны эвэр” хэмээн бичээстэй бөгөөд музейн зүгээс байгалийн түүхийн музейд өгч судлуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Мөн түүний зэрэгцээ дэлгэн харуулсан жижиг эврийг музейн тайлбартаа “лууны эвэр” хэмээн бичсэн байдаг аж. Үлгэр домгийн амьтны эвэр хэмээн тодорхойлсны учир нь тухайн үедээ чухам юуг лууны эвэр хэмээн хэлдэг байсан нь бичгийн дурсгалд төдийлөн гарч ирэхгүй байгаа зүйл гэнэ. Мөн хүний болон үхрийн чулуужсан тархины үзмэрүүд сонирхол татаж байлаа. Богд хааны сонин, нандин үзмэрээрээ алдартай хэмээн яригддаг байсан ч эдгээр зүйлсийг шашны үйлд хэрэглэдэг байв уу, эсвэл өөрийн цуглуулгыг арвижуулж байв уу,  чухам юуны учир эдгээр үзмэрүүд түүний нандин цуглуулгад багтан өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн нь нууц хэвээр оршсоор л. Эл үзэсгэлэн долдугаар сарын 18-ныг дуустал таны өмнө нууцаа тээн дэлгэгдэх нь ээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж