Балархай төгсгөлтэй чуулган

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Балархай төгсгөлтэй чуулган

УИХ-ын хаврын чуулганы төгсгөл оньсого таавраар дүүрэн байна. Өндөрлөх гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байсаар улсын их баяр наадамтай золголоо. Сонин сонин төгсгөлтэй чуулганууд өнгөрсөн 21 жилийн хугацаанд байсан ч үүн шиг тааварлах аргагүй бантагнаж зунгаарсан нь бараг үгүй.

Шүүхийн шинэтгэлийн хуулиудаа төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ яралзуулаад, Тавантолгойн ашиглалтын гэрээ батлах үндэс суурийг тавиад, эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх үндсэн чиглэлээ гаргачихна. Сонгуулийн хуулиа цоо шинээр найруулаад хойтон жилийн өдийд нүүр бардам сонгуульдчихаад сууж байна гэсэн бардам төлөвлөгөө бүгд “будаа” болов.

Яалт ч үгүй Дэгийн хуульд заасан чуулган өндөрлүүлэх хугацаа дууссан, Их Хурлын дарга бүрэн эрхийн хүрээндээ нэгэнтээ хугацаа сунгачихсан болохоор нэг, хоёр хоногийн дараа чуулганыг “хаахчаан” болохоос өөр аргагүйдлээ. Ард олноо хувьцаатай болгож гялайлгах Тавантолгойн асуудал Сонгуулийн хуулийн хөлд чирэгдээд даший шог. Тавантолгойг шаардлагатай гэвэл ээлжит бус чуулган зарлаад хэлэлцчихэж болно гэчихлээ.

УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн сонгуулийн холимог тогтолцоогоо пропорциональ, мажоритарийн алинд суурилуулах вэ гэдгээр таг талцсаар эцэстээ ирэх намрын чуулганы эхэнд хэлэлцэхээр хойш нь “эвхээд” хураачихлаа. Ардчилсан намын бүлэг адил тэнцүүхэн 38:38 байя гэж буулт хийсэн ч МАН-ын бүлэг царай өгсөнгүй.

Намрын чуулган яасан ч багтаамжтай “сав” юм мэдэхгүй. Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл тийшээ шилжлээ. Дөрвийн дөрвөн хэлэлцүүлэгтэй, арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх хатуу хуультай 2012 оны төсвийн хууль хүлээж байгаа. Ирэх оны Мөнгөний бодлого гэж цаана нь бий. Ярилцаж шийдэж бардаг л байгаа даа, намрын чуулганаар. “Сүх далайтал үхэр амар” гэгчээр ийм нэг балархай төгсгөлтэй чуулган өндөрлүүлчихээд эрхэм гишүүд найр наадамдаа гараад өгөх гэж байна. “Маргааш, маргааш” гэж хойшлуулсаар Сонгуулийн ч хуульгүй, Тавантолгой ч үгүй ийм нэг бүрхэг төгсгөлтэй чуулганы шилийг харах нь ч харах нь ээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж