Анх удаа 4096 бөх нэг дор барилдана

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Анх удаа 4096 бөх нэг дор барилдана

Монгол Улс үндэсний соёлын үнэт өв болох монгол бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх гэж байна. Энэ бол Монгол бөхийн түүхэнд  алтан үсгээр тэмдэглэгдэх дэлхийн хэмжээний цуутай үйл явдал юм.

ӨМӨЗО 2006 онд 2048 бөх барилдуулан “Монгол бөх” гэдэг нэрээр дээрх номонд бүртгүүлсэн нь жинхэнэ “Монгол бөх” хаана байдгийг төөрөгдүүлсэн, үзэмчин /зангиат/ бөхийг Монгол бөх мэтээр дэлхий дахинд ойлгоход хүргэсэн үйлдэл болсон байх тул  бөхийн тооны хувьд тэдний амжилтыг эвдэн, язгуур монгол бөхөө Гиннесийн номонд оруулах нь монгол улсын эрх ашгийн асуудал болоод байгаа юм.

Иймээс МҮБХ ирэх есдүгээр сарын 17, 18, 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 4096 бөхийг нэг дор барилдуулж, Гиннесийн номонд бүртгүүлэх бөгөөд бөхийн бүрэлдэхүүнд нийслэлд ажиллаж, суралцаж мэргэжлийн түвшинд барилдаж буй бөхчүүд, мөн зэвсэгт хүчин, хил, цагдаа, харуул хамгаалалтын байгууллагуудад ажилладаг цэрэг эрсийн төлөөлөл, их дээд сургууль коллежийн оюутны төлөөлөл, бөхийн амьдралыг багаасаа сонгосон бөх болох хүсэлтэй ахлах ангийн хүүхдүүдийн төлөөллийг оролцуулахаас гадна эх орныхоо 335 сум бүрээс 10 бөх оролцуулахаар шийдвэрлэсэн байна. 

Монгол бөхөө тойрон хүрээлж, эвлэлдэн нэгддэг Монголчуудын тухайд бөхчүүд нь дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх үйлсэд барилдан оролцож, ард түмэн нь  Монгол бөхийн түүхэнд 100 жилд үл давтагдах түүхэн үйл явдлыг нүдээр үзэх  сайхан боломж нээгдэж байгаа юм.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж