Дорноговьчууд улс орныхоо хөгжлийг түүчээлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Дорноговьчууд улс орныхоо хөгжлийг түүчээлнэ

Ардчилсан намын “Мон­гол хүн 2020” хэлэлцүүлэг Их Говийн догшин хутаг­тын өлгий нутаг Дорноговь аймагт өнгөрөгч амрал­тын өдрүүдэд зохион байгуу­лагдаж, ам­жилт­тай өндөр­лөлөө. “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажил­тай, орлоготой, Аюулгүй орчинтой гэсэн таван салбар чиглэлээр явагдаж байгааг  уншигч та сайн мэднэ. Өнөө­дөр Дорноговь аймагт аж үйлдвэрийн цогцолбор бариг­дах засгийн газрын шийд­вэр гарч, төмөр замын гол тэнхлэгт оршдог нь тус аймгийн онцлог бөгөөд иргэдийнх нь ажилгүйдлийн болон амьжиргааны түвшин ч гайгүйд тооцогддог юм билээ.Дорноговьчууд ч энэ их бүтээн байгуулалтад гар бие оролцож, улс орныхоо хөгжлийг түүчээлнэ гэдгээрээ бахархан ярьж байлаа. 2008 онд Дорноговь аймгийн Ард­­чилсан нам Ардчилсан хувьсгал ялснаас хойш 18 жилийн дараа ялалт байгуулж, аймгийн засаг даргаар аймгийн АН-ын дарга П.Ганхуяг, ИТХ-ны даргаар  Г.Ганбаатар нар ажиллаж байна.

Дорноговь аймгийн хувьд хөдөлмөр, халамж үйлчил­гээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 1-р сард 662 байгаа нь 2010 оны жилийн эцсийнхээс 3.0 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэ­дийн 21.3 хувь нь урьд өмнө ажил эрхэлж байсан ба 78.7 хувь нь анх удаа ажил эрж хайж байгаа ажилгүй иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн насны бүтцийг авч үзвэл 16-24 насны иргэд 26.3 хувийг, 25-35 насны иргэд 39.3 хувийг, 35-44 насны иргэд 18.3 хувийг, 45-60 насны иргэд 16.2 хувийг эзэлжээ. Мөн хүйсийн бүтцийг авч үзвэл 65.7 хувь нь эмэгтэйчүүд, 34.3 хувь нь эрэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэ­дийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2010 оны мөн үеэс 3.9 функтээр буурчээ. Бүрт­гэлтэй ажилгүй иргэдийн 22.4 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа бол 71.6хувийг бүрэн дундаас доош боловс­ролтой иргэд эзэлж байна.

Оны эхний 1 сард аймгийн дүнгээр нийт 84 иргэн шинээр ажилд оржээ. Шинээр ажилд орсон иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар үзвэл боловсрол, соёл урлагийн салбарт 48.8 хувь, төрийн захиргаа батлан хамгаалахын салбарт 14.3 хувь, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт 7.1 хувь, бусад салбарт 29.8 хувь нь ногдож байна.

“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ -МОНГОЛ ХҮН” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭЖАРГАЛ

Сайхандулаан сумын хувьд Монгол хүн ажилтай орлоготой байх нөхцөл бололцоо хэр байна вэ?

-Манай сумын хувьд 2008 оноос гар аргаар алт олборлох бичил уурхайг хөгжүүлэх үйл ажиллагаа өргөжиж, үүнийг эмхэлж, зохицуулахын тулд аймаг сумын дүрэм, журам гаргасан байгаа. Үүний улмаас 2009 онд бичил уурхайн хууль батлагдан, иргэд маань хуулийн хүрээнд гар аргаар алт олборлож ажил амьдралаа залгуулж байна. Үүнээс гадна манай суманд эсгийний үйлдвэр, оёдлын үйлдвэр ажиллуулж байгаа иргэд цөөнгүй байдаг. Энэ мэтээр бид өөр өөрсдийнхөө хэмжээнд ажил орлоготой байж чадаж байгаа гэж болно.

-Ардчилсан намаас дэв­шүүлж байгаа “Монгол хүн 2020” хөтөлбөрт юуг давуутай тусгах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Иргэдийн зүгээс өөрс­дөө идэвхтэй ажиллах, Ардчилсан намаар дамжуулан төрийн зүгээс ажиллах орчныг нь бүрдүүлэх л хөтөлбөр босч ирээсэй гэж хүсч хүлээж байна. Үүнд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж иргэдээ бодлогоор дэмждэг төрийн механизмтай болох, хөнгөлөлттэй зээл, тусламжийг үзүүлэх бодлогыг бариасай гэж хүсч байна даа.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж