Мах, гурилын үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Мах, гурилын үнэ тогтвортой байна

Үндэсний статистикийн хороо хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг өчигдрийн байдлаар гаргасныг сонирхуулж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувь, өмнөх долоо хоногоос 0.1 хувь өсчээ.  Харин хүнсний гол хэрэглээ болсон мах, гурилын үнэ өмнөх сарын дундаж ханшаас төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, адууны махны үнэ хоёр хувь, үхрийн махны үнэ 1.7-2.7 хувь, ямааны махны үнэ нэг хувь, хонины ястай махны үнэ 0.3 хувиар өссөн бол, хонины цул махны үнэ 1.1 хувиар буурчээ. Улаанбаатар хотод дунджаар махны үнэ дараах ханштай байна. Хонины /ястай/ махны үнэ дунджаар 4063, үхрийн мах /ястай/-4850, ямааны мах-3080, адууны мах-3667, хонины цул мах-4283, үхрийн цул мах-5413 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Тэгвэл гурилын үнээс дурдахад, “Алтан тариа” ХК-ийн задгай дээд гурилын үнэ 0.9 хувь, хятад дээд гурилын үнэ хоёр хувиар буурсан  бол бусад гурилын үнэ тогтвортой байсан байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж