А.БИЛГҮҮН: ”DISCOVER MONGOLIA 2011” ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД БОЛНО

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

А.БИЛГҮҮН: ”DISCOVER MONGOLIA 2011” ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД БОЛНО

Гадны хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар хамгийн өргөн хүрээний мэдээлэл хүргэдэг “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг Монгол улс зохион байгуулах болсоор ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт ямар онцлогтой болох талаар Прайм Инфо компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүнээс тодрууллаа.

Энэ  жилийн чуулга уулзалт ямар онцлогтой зохион байгуулагдах вэ?

“Дисковер Монголиа-2011” чуулга уулзалтын хувьд урьд өмнөхөөс ялгарсан онцлог зүйлс бий. Юуны өмнө Зохион байгуулах хороог П.Очирбат гуай даргалж байгаа. Уул уурхайн салбарт өөрийн гэсэн жинтэй байр суурьтай, олон нийт болон компаниудын ойлголтыг нэгтгэхийг оролддог хүн учраас Зохион байгуулах хороог даргалж өгөөч гэж бид хүсэлт тавьсан юм. Бидний хүсэлтийг хүлээн авсанд баяртай байгаа. П.Очирбат гуай “Дисковер Монголиа-2011” хурлыг олон нийтэд хэрхэн хүргэх болон хурал дээр тавигдах илтгэлүүдийн агуулгыг хянах зэрэг ажлыг хийж байгаа.

Энэ жилийн хувьд хурал дээр тавигдах илтгэлүүдийн агуулга, чанарт маш их анхаарч байна. Өнгөрсөн жилүүдэд голдуу сурталчилгаа маягийн илтгэлүүд тавигддаг байсан бол энэ жил өөрчлөгдсөн. Мэдээж хэрэг, компаниудад өөрсдийгөө сурталчлах боломжийг олгоно. Гэхдээ өөрсдийгөө сурталчлахаас гадна олон нийтэд мэдээлэл өгөхүйц илтгэл байх гэсэн шаардлага тавигдаж байгаа. “Дисковер Монголиа-2011” чуулга уулзалт “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэсэн уриан дор зохион байгуулагдана. Энэ уриан дор хариуцлагатай уул уурхайн асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна.

Урьд жилүүдэд огт хийгдэж байгаагүй онцлог ажлууд байгаа юу?

“Дисковер Монголиа-2011” есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнээс 2-3 хоногийн өмнө “Behre Dolbear”-ийн сургалт семинарыг зохион явуулахаар төлөвлөж байна. “Behre Dolbear” нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Америкийн групп  бөгөөд “Уул уурхайн цагаан толгой” гэсэн сургалт явуулдаг. Энэ сургалт нь уул уурхайн мэргэжлийн бус хүмүүст салбарын мэдээллийг өгөх зорилготой юм л даа. Дэлхийд их алдартай семинар. Дэлхийн уул уурхайн хамгийн том конвенци болох Prospectors & Developers Association of Canada /PDAC/ нь чуулганыхаа өмнө энэхүү сургалт семинарыг тавиулдаг. Зөвхөн 2010 оны байдлаар гэхэд л энэ сургалтыг зохион явуулснаар PDAC-ын чуулга уулзалтад 27 мянган хүн оролцсон байгаа юм. Бид энэ жил тус сургалтыг явуулахаар “Behre Dolbear”-тэй  ярилцаж байна. Яриа хэлэлцээрийн шатандаа л яваа тул одоогоор зөвхөн төлөвлөгөөнд л байгаа. Дашрамд сонирхуулахад энэ компани Монголд салбараа нээгээд удаагүй байгаа.

“Дисковер Монголиа-2011” чуулга уулзалт дээр тавигдах гол илтгэлүүд болон илтгэгчдийг сонирхуулаач?

Хурлыг нэлээд хэдэн сэдвээр төлөвлөөд байна. Гол сэдэв маань уул уурхайн салбар хөгжснөөр бусад салбарт хэрхэн нөлөөлөх тухай юм. Дотроо гадны хөрөнгө оруулагчдад болон иргэдэд мэдээлэл өгөх гэсэн үндсэн хоёр хэсэгт чиглэгдэнэ. Канадын хөрөнгө оруулалтын томоохон банкуудын нэг болох “Scotia Capital”-ын захирал илтгэл тавина. Тэрээр “Торонтогийн бирж дээр Монголын компаниуд гарвал ямар харагдах вэ?” гэсэн сэдвээр ярих юм. Түүнчлэн “Behre Dolbear” группын Ерөнхийлөгч Бернард Гуарнэра илтгэл тавина. Тэрээр өнгөрсөн жилийн “Дисковер Монголиа”-д илтгэл тавьж байсан. Бернард Гуарнэра энэ удаад уул уурхайн салбараа түшиглэсэн хөгжлийг зорьсон гурван улсын сайн, дунд, муу туршлагаас хуваалцана. Мөн бидний зохион байгуулсан “McKloskey”-ийн хурал дээр илтгэл тавьж байсан “Ньюком” группын Ерөнхий захирал Б.Болд, Швейцарийн UBS  банкны төлөөлөгч зэрэг сонирхолтой илтгэгчид байгаа. Чуулганы үеэр Хятадын эдийн засгийн талаар нэлээд түлхүү ярих байх. Тус улсын уул уурхайн салбарын талаар бидний мэддэг болоод мэддэггүй ямар зүйлс байдаг талаар хөндөнө. “Дисковер Монголиа”-д Монголд байгаа хамгийн том компаниудын захирлууд бүгд оролцохоор бүртгүүлээд байгаа.
 

Э.Од
 
             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж