Орос Германд цөмийн эрчим хүч нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Орос Германд цөмийн эрчим хүч нийлүүлнэ

Герман 2022 онд цөмийн реакторуудаа бүрэн хаах шийдвэрийг тус улсын Парламент баталсны дараа Оросын Атомын эрчим хүчний агентлагийн төлөөлөл тус улсад цөмийн эрчим хүч нийлүүлж магадгүй гэж Германы хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Хэдийгээр Герман цөмийн салбараас ангижрахаар бэлтгэж буй ч эргээд бусад улс орнуудын цөмийн цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэлийг цэцэглүүлэх нь улам тодорхой болж байна. Герман өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд тохиосон Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараа хуучин реакторуудынхаа аюулгүй ажиллагааг шалгахаар завсарлага аваад байсан билээ. Шалгалтын хүрээнд тус улс 17 реакторынхаа наймыг нь бүрэн хааж, мөн үлдсэн естэй нь 2022 он хүртэлх хугацаанд шат дараатайгаар “үдэх ёслол” хийхээр болсноо тавдугаар сарын 30-нд мэдэгдсэн юм. Уг шийдвэрт Франц улс шүүмжлэнгүй хандаж байсан ч, энэ нь тус улсын цөмийн эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэхийг хэлэхдээ тааламжтай байсан биз ээ.

Эрчимжсэн аж үйлдвэрийн Германд Францаас гадна Орос улс мөн л цөмийн эрчим хүч нийлүүлэхээр зэхэж байна. Орос улс нь 2030 он гэхэд хамгийн багадаа 28 цөмийн цахилгаан станц шинээр байгуулахаар зорьж буй юм. Үүний хүрээнд Оросын харьяаны нутаг дэвсгэр Калининградад байгуулах реакторуудаас Европын холбооны улс орнууд руу эрчим хүч экспортлох тухай “Росатом”-ын Дэд захирал Кирилл Комаров ярьж байна. 1945 оныг хүртэл Германы нэг хэсэг байсан Калининград нь Оросын баруун хэсэгт, улсынхаа нутаг дэвсгэрээс ангид, өөр улсуудын хилийн заагт оршдог хэсэг юм. “Калининградад бидний өөрсдийн сонирхол бий. Гэхдээ бид Балтийн тэнгисийн болон Польш, Герман зэрэг орнуудын цахилгааны алдагдлыг ажиглаж байна” гэж Комаров хэлжээ. Калининградад эхний ээлжинд 1082 МВт-ын хүчин чадалтай цөмийн реакторыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ажээ. Хоёрдугаар ээлжийн мөн адил хүчин чадалтай реакторыг 2018 онд байгуулж дуусгах юм байна.

Германы Парламентийн доод танхим зургадугаар сарын 30-нд 2022 он гэхэд цөмийн энергиэс бүрэн ангижирсан улс болох тухай шийдвэрийг олонхийн саналаар баталснаар Канцлер Меркелийн “эрс шийдвэр” хэрэгжих нь тодорхой болсон юм.  Комаров “Герман цөмийн эрчим хүчнээс татгалзаж буй ч, маш олон улс орнууд тийм бодолгүй байна. Украйнд цөмийн эрчим хүчний үнэ киловатт тутам нь 2 америк цент, харин нүүрсний цахилгаан  станцынх 6 цент, сэргээгдэх салбарынх 11 цент байгаа юм. Хэрвээ Украйн бүх цөмийн цахилгаан станцаа хаавал тус улсын эдийн засагт төгсгөл ирэх болно” гэжээ. Германы аж үйлдвэрийн салбар болон хөрш орнууд Меркелийн цөмийн станцыг бүрэн халах алхам нь эрчим хүчний зардлыг нэмэгдүүлж, Европтоо хамгийн үлэмжид тооцогдох эдийн засгийг эрчим хүчний хомсдолд оруулчих вий гэдгээс эмээж байна. “Герман шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ эрчим хүчний үнэ өсөх болно” гэж Комаров анхааруулжээ.   

Цөмийн цахилгаан станцыг хөгжүүлэхийг зорьж буй улс орнууд Германыг ийнхүү анхааралтайгаар ажиж байхад тус улс 2022 он хүртэлх хугацаанд дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлэх замаар цөмийн эрчим хүчний салбарын орон зайг нөхөх бодлого барин ажиллаж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж