“Сөдөт”-ийг 100 хувь эзэмших тендер санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

“Сөдөт”-ийг 100 хувь эзэмших тендер санал гаргажээ

“Сөдөт” ХК-ийн 83,63 хувийг нэгдмэл сонирхолтойгоор эзэмшигчид компанийн бусад хувьцаа эзэмшигдийн өмчлөлт байгаа хувьцааг нэг бүрийг нь 142 төгрөгөөр худалдан авч тус компанийг 100 хувь эзэмшихээр тендер санал гаргажээ. Компани нь нийтдээ 175 265 ширхэг хувьцаатай бөгөөд үүнийг 83,63 хувь нь “Азиа пасифик инвестмент партнерс” лимитед компани, АНУ-ын иргэн Ли Кашелл, Б.Цэндсүрэн нарын эзэмшилд байдаг юм байна. Харин бусад хөрөнгө оруулагчдын эзэмшилд “Сөдөт” ХК-ийн 16,37 хувь буюу 29 697 ширхэг хувьцаа байгаа ажээ.

Дээрх компанийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн саналыг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрч, тогтоолын дагуу хувьцаа худалдан авах тендер саналын хүчинтэй байх хугацааг ажлын 60 хоног гэж тогтоожээ. Мөн данс нь нээгдээгүй байгаа хувьцаа эзэмшигчдийн дансыг компанийн санхүүжилтээр нээлгэхийг үүрэг болгосон байна.

“Сөдөт” компани нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, анх 1993 онд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж байжээ. Харин хувьцааны ханш хамгийн сүүлийн арилжааны мэдээгээр 580 орчим төгрөг байгааг Хөрөнгийн бирж сайтдаа мэдээлсэн байна.

Хөрөнгийн бирж лангуун дахь бараандаа “clear” хийж, харин хувьцаа эзэмшигчид компаниа өөд нь татах зэрэг тал талын арга хэмжээг авч эхлээд байна. Тухайлбал, компаниудын хувьцаа эзэмшигчид нэгдэж давамгай эрхтэйгээр бусад хувьцаа эзэмшигчдийн үнэт цаас төвлөрүүлэн татаж эхлээд байгаа юм. “Сөдөт” компанийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс өмнө “Хялганат” компани мөн хувьцаа худалдан авах тендер санал гаргасан билээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж