Үйлдвэрийн гуравдугаар модуль 2012 оноос ажиллаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн гуравдугаар модуль 2012 оноос ажиллаж эхэлнэ


-Ц.БАЯРМАГНАЙ: Нүүрсийг нойтон аргаар баяжуулах анхны үйлдвэрийг барьж байгуулснаараа бид бахархаж байна-  



“Энержи ресурс” компанийн Ухаахудаг уурхайд сүндэрлэн боссон томоохон бүтээн байгуулалтуудын нэг Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Баярмагнайтай Г.Идэрхангай ярилцлаа.  

Үйлдвэрийн гуравдугаар модуль 2012 оноос ажиллаж эхэлнэ

Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Үйлдвэрийн хүчин чадлын талаар  уншигчдад товчхон танилцуулна уу?

Монгол улсдаа нүүрсийг нойтон аргаар баяжуулж байгаа анхны үйлдвэрийг  байгуулснаараа бид бахархаж байна.  

Үйлдвэр цагт 900 тонн нүүрс хүлээж авч баяжуулах хүчин чадал бүхий гурван модулиас бүрдэнэ. Жилд 5 сая тонн  баяжуулах хүчин чадалтай эхний модуль ашиглалтад орлоо. Нэгдүгээр үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг тавдугаар сарын 12-ноос хийж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар /зургадугаар сарын 14/ 20 орчим мянган тонн нүүрс баяжуулчихаад байна.

Үйлдвэрийн хоёрдугаар хэсгийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төслийн багийнхан ажиллаж байгаа. Эхний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад 20 гаруй компанийн 600 гаруй ажилтан цаг хугацаатай уралдан ажилласан. Их ажлын ард гарлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд удирдаж ажилласан, төслийн зураг төсөл боловсруулах, гэрээ хэлцэл байгуулах, тээвэр ложистик, захиалагчийн хяналтыг хийж гүйцэтгэсэн  бүх хүмүүстээ, хамтран ажиллагсдадаа хамт олныхоо өмнөөс  баярлалаа гэж  хэлье.

Баяжуулах үйлдвэрийн гуравдугаар шат 2012 онд ашиглалтад орно. Уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, тээвэрлэлтийн бүхий л шатанд эцсийн бүтээгдэхүүний чанарыг стандартын өндөр түвшинд байлгах, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор чанарын алба байгуулагдан ажиллаж байна. Үйлдвэрийн хувьд үндсэн барилгаас гадна иж бүрэн лаборатори, засварын төв, халаалтын зуухны барилга, урвалжийн аж ахуй зэрэг туслах барилга байгууламжууд нэг цогц болж  баригдсанаараа онцлогтой.

Үйлдвэрийн технологийн дамжлага, баяжуулах шугамын тухай танилцуулахгүй юу?

Үйлдвэрийг Австралийн “Сежман” ХХК-ийн зураг төсөл, ерөнхий менежментээр барьж байгуулсан. Энэ нь Австрали улсад төвтэй Чили, Өмнөд Африк, Ази, Монголд салбартай томоохон компани. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгуулж байгаа. Технологийн шийдлээс эхлээд үйлдвэрийг барьж байгуулах болон ашиглалтыг хүртэл хариуцаж, техникийн бүрэн шийдлийг санал болгодог туршлагатай компани байгаа юм. 

“Сежман” компанийн зураг төслөөр манай үйлдвэрт Минкотех, Даунер, Жэмэссон, Макланахан, ФЛ Смидш, Тошиба, Дикантер машин, Людовичи зэрэг дэлхийн шилдэг уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч брэндийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан.
Үйлдвэрт Роквэл фирмийн Сайтект автомат удирдлагын систем, Эндрэс Хаузер фирмийн хэмжих хэрэгсэл, Тайко фирмийн хаалт арматурыг хэрэглэж байгаа. Үйлдвэрийн барилга угсралтын ажилд хэрэглэгдэх барилгын материал, төмөр хийцийг БНХАУ-ын зах зээлээс авсан.

Технологийн шат дамжлагын хувьд уурхайгаас анхдагч нүүрсийг хүлээж аваад хоёр шатны бутлалтаар 600-200 мм,  200-50 мм болтол буталж, 1000 тоннын багтаамжтай урсгуур бункерээр дамжуулан үйлдвэрээ тэжээдэг. Үйлдвэр маань нүүрсний бүхэллэгээс хамаарч гурван  үндсэн баяжуулалтын шугамтай. Үүнээс 50-1.25мм бүхэллэгтэй нүүрсийг хүндрүүлсэн орчин үүсгэж гидроциклонд, 1.25-0.25мм бүхэллэгтэй нүүрсийг хүндийн хүчний ба төвөөс зугтах хүчний үйлчлэлээр мушгиа ангилуурт, 0.25мм-с доош бүхэллэгтэй хэт нунтаг нүүрсийг хөвүүлэн баяжуулах шугамаар баяжуулан гаргадаг. Мөн  баяжуулсан нүүрсийг усгүйжүүлэх төхөөрөмжөөр 9-11 хувь хүртэл чийглэгтэй болтол усгүйжүүлж бүтээгдэхүүний туузан дамжуулагчаар дамжуулан нүүрсний овоолго үүсгэнэ. Үйлдвэрээс 8-10 хувь үнслэгтэй сайн чанарын коксжих нүүрс, 18-20 хувь үнслэгтэй эрчим хүчний нүүрс гэсэн хоёр төрлийн үндсэн бүтээгдэхүүн гарна. 

Баяжуулах үйлдвэрийн хаягдал нь угаагдсан эрдэс чулуулаг байгаа юм. Үүнийг цаашид барилгын материалын үйлдвэрлэлд түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой.

Ингээд бодохоор Нүүрс баяжуулах үйлдвэр нүүрсний чанар үзүүлэлтийг дээшлүүлж, нэмүү өртөг үүсгэхээс гадна хаягдлыг нь ч дараагийн ажил үйлчилгээнүүдэд  ашиглах бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Баяжуулсны дараа 4.6 сая тонн нүүрс экспортлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй

2011 онд Ухаахудаг уурхайгаас хэчнээн тонн нүүрс олборлохоор тооцсон бэ? Эдгээрээс хэдий хэрийг нь угааж, баяжуулах бол?

Энэ жилийн уулын ажлын төлөвлөгөөний дагуу 7 сая тонн нүүрс олборлоно. Үүнийгээ баяжуулах үйлдвэрт баяжуулсны дараа 4.6 сая тонн нүүрсийг экспортлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй. Мэдээж үйлдвэр маань дөнгөж ашиглалтад ороод байна. Дээр нь  шинэ хамт олон өвлийг угтаж ажиллана  гээд ачаалал ихтэй  байх болов уу.

Эрчим хүчний нүүрсийг Ухаахудагийн цахилгаан станцад хэрэглэх үү?

Тиймээ. Эрчим хүчний нүүрсийг завсрын бүтээгдэхүүн ч гэж нэрлэдэг. Үйлдвэрээс гарч байгаа эрчим хүчний нүүрсний бүтээгдэхүүнийг Ухаахудагийн цахилгаан станцад нийлүүлэх төлөвлөгөө байгаа. Цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил дууссан. Одоогоор  туршилт тохируулгын ажил  хийгдэж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн нэг гол хэсэг нь нүүрс, химийн лаборатори. Энд ямар үйл ажиллагаа явагдах вэ?

Манай лабораторид нүүрсний 11-12 төрлийн шинжилгээ хийгдэх юм. Тоног төхөөрөмжөө суурилуулж дуусч байна. Уурхайн лаборатори ашиглалтад ороод хоёр жил боллоо. Баяжуулах үйлдвэрт зориулан ашиглалтад оруулж байгаа лабораторийг өргөтгөл гэж ойлгож болно. Үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар стандартын түвшинд байгаа эсэхийг хянах, баяжуулалтын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж байна.

Лабораторийг автоматжуулах, бусад ижил төстэй лабораториудын менежментээс суралцах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр лабораторийн ажилтнууд маань төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Коксжих нүүрсний үндсэн үзүүлэлтүүд болох үнслэг, чийглэг болон хөөлтийн зэрэг гэх мэт шинжилгээнүүдийг хийж эхэлсэн. Лабораторид шинжилгээг хоёр цаг тутамд хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг оновчтой удирдахад дэмжлэг үзүүлж ажилладаг.

Манай үйлдвэрт Эс-Жи-Эс фирмийн автомат дээжлэгч төхөөрөмжүүд суурилагдсан. Ингэснээр  дээж бэлтгэх үйл ажиллагааг хөнгөлж, шинжилгээний найдвартай байдлыг дээшлүүлэх бололцоо бүрдлээ.

Засварын төв засвар үйлчилгээний багаж хэрэгслүүдээр бүрэн хангагдсан уу?

Нүүрс баяжуулах үйлдвэр 24 цагийн үйл ажиллагаатай. Тоноглолын найдвартай ажиллагааг хангах, үзлэг шалгалтыг тогтмол хийх, холбогдох үйлчилгээг тогтсон хуваарийн дагуу чанартай гүйцэтгэх нь үйлдвэрийн ашигт ажиллагааны хамгийн чухал хэсэг байдаг.  Багаж хэрэгслийн хувьд Америкийн нэр хүндтэй  тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр хангагдсан. 

Нүүрсний энэ чиглэлийн үйлдвэрлэлд метал хийцийн элэгдэл, эргэлдэх эд ангийн тохиргоо, туузан дамжуулгын засвар үйлчилгээнээс гадна жижиг гэлтгүй засвар үйлчилгээний хэрэгцээ тасралтгүй гардаг.

Бид “Мэкс” гэдэг засвар үйлчилгээний программ хангамжийн дагуу ажлын захиалга, сэлбэгийн захиалга, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, тоног төхөөрөмжийн техникийн зураг төслийг нэгэн зэрэг харьцуулан ажиллах боломжийг бүрдүүлсэн. Хамгийн гол нь энэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамжийг сайн инженер техникийн ажилтангүйгээр төсөөлөхөд бэрх. Манай засвар үйлчилгээний баг дээрх программ хангамж, нарийн төлөвлөлтөд суралцах хөтөлбөрт хамрагдаж байгаа.

Үйлдвэрт ажиллах боловсон хүчнээ дотоодод бэлтгэсэн үү?

Бид 2009 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, ажилд авч эхэлсэн. Тэднийг Австралийн Засгийн газраас  итгэмжлэгдсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн операторуудыг бэлтгэдэг RII тусгай сургалтын хөтөлбөрт хамрууллаа.  Австрали улсын ижил төстэй үйлдвэрүүдэд практик дадлага хийлгэлээ.

Засвар үйлчилгээний чиглэлээр тодорхой тооны ажилтнуудыг ХБНГУ-д сургалтад хамруулсан. “Сежман” компанитай ашиглалтын менежментийн чиглэлээр дэмжлэг авах гэрээ байгуулсан. Одоогоор дөрвөн экспат биднийг чиглүүлэн  ажиллаж байна. Цаашид   хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилтнуудад ажлын зөв дадал эзэмшүүлэхэд анхаарч ажиллаж байгаа.

Үйлдвэрийн цоож, пайзны систем, ажилтны ажлын даалгаварыг холбогдох зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, зөрчлийг бүртгэж дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах гээд барууны үйлдвэрүүдэд хэрэглэгддэг шилдэг арга, стандартууд нэвтэрч байгаад баяртай байдаг.

Жилд 6000 цагаас багагүй хугацаанд ажиллаж нүүрс баяжуулна

Цогц том үйлдвэр гэдэг утгаараа эрчим хүчээр бүрэн хангагдсан байх ёстой. 18 МВт-ын цахилгаан станц удахгүй ашиглалтад орох гэж байна?

Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 6000 цагаас багагүй хугацаанд ажиллаж нүүрс баяжуулна. Тиймээс цахилгаан, эрчим хүчний хангамж сайн байх ёстой. 18 МВт-ын дулааны цахилгаан станцаас цахилгаанаар хангагдана. Нэг  үйлдвэрт 5.6 МВт цаг цахилгааны ачаалал авч байна.  

Усны эргүүлэн ашиглалт хэдэн хувьтай байгаа вэ? 

Үйлдвэрийн хэмжээнд усны дахин ашиглалт 94 хувьтай байна. Цагт 2700  шоо метр усыг  хэрэглээд түүнийхээ 94 хувийг  үйлдвэртээ буцаан ашигладаг онцлогтой. 

Говьд ус их ховор. Тийм болохоор үйлдвэрт хэрэглэж байгаа усыг дахин ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор цаашид усны ашиглалтыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлснээр 96 хувьд хүргэх  төлөвлөгөөтэй байна. Ингэхийн тулд хаягдлуудыг өтгөрүүлэх,  бункерээс баяжуулсан нүүрсийг ачих зэрэг төслүүдийг давхар хэрэгжүүлж байгаа.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсны гол үр ашиг нь Монголын нүүрсний үнэ ханшийг дэлхийн зах зээл дээр өргөх явдал гэж ойлгож болох уу? 

Тийм ээ. Баяжуулж боловсруулснаар нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байгаа юм. Баяжуулсан, баяжуулаагүй нүүрс хоёрын хооронд 1,5 дахин нэмүү өртөг үүсч байгаа юм. Ингээд бодохоор хэр үр өгөөжтэй нь харагдах байх.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа. 
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж