Азийн орнууд цөмийн үйлдвэрлэлээс татгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Азийн орнууд цөмийн үйлдвэрлэлээс татгалзахгүй

Азийн 12 орны төлөөлөгч оролцсон Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны форум Индонезийн Жакарта хотод хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөжээ. Япон улсын санаачилгаар зохион байгуулсан форумаар Азийн зарим орон цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө түр хойш тавихаар болсноо мэдэгдсэн байна. Фукушимагийн цөмийн алдагдал цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөгч орнуудад том сургамж болж, дэлхийн зарим улс цөмийн үйлдвэрлэлээс татгалзах хөдөлгөөн өрнөсөн юм. Гэсэн ч Австралиас бусад орон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Казакстан, Малайз, Индонези, Тайланд, Вьетнам зэрэг орны Засгийн газрын төлөөлөгчид оролцсон тус форумаар цөмийн технологийг энх тайван байдлыг сахиулах зорилгоор хөгжүүлэх тухай хэлэлцжээ. Фукушимагийн цөмийн алдагдлаас хойш дэлхийн улс орнуудад цөмийн үйлдвэрлэлээс татгалзах хандлага олон нийтийн дунд хүчтэй болж байгааг форум дээр онцолж авч үзсэн байна. Ялангуяа галын тойрогт багтаж буй орны иргэдийн хувьд Фукушимагийн цөмийн хямрал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй тул болгоомжлох нь зүйн хэрэг гэж Засгийн газрын төлөөлөгчид үзжээ.

Тиймээс  дээрх орны Засгийн газрууд цөмийн аюулгүй байдлыг хангахын тулд юуны түрүүнд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх нь зайлшгүй чухал байгаад санал нэгдсэн байна. Форумаар Азийн орнууд цөмийн үйлдвэрлэлээс бүрмөсөн татгалзах төлөвлөгөөгүй нь тодорхой байсан гэнэ. Японы цөмийн эрчим хүчний комиссын төлөөлөгч Акира Омото тус улс цөмийн хөтөлбөрөө гурван жилээр хойшлуулахаар болсон гэж мэдэгдсэн байна. Форумд оролцсон 12 орноос зөвхөн Австрали цөмийн хөтөлбөрөөс бүрмөсөн татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Индонезийн Засгийн газрын нэгэн албан тушаалтан “Kyodo News”-т өгсөн ярилцлагадаа “Бүх боломжтой хувилбараас байгаль орчинд халгүй, хамгийн хямд төсөр нь цөмийн эрчим хүч. Цөмийн эрчим хүч бол нүүрстөрөгчийн давхар исэл хамгийн бага ялгаруулдаг, эрчим хүчээр тасралтгүй хангах цорын ганц эх үүсвэр” гэж онцолсон байна. Жакарта хотод болсон форумаар Азийн дээрх орны төлөөлөгчид цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг авах нь чухал гэдэгт санал нэгдсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж