УИХ хуулиа зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

УИХ хуулиа зөрчиж байна

УИХ хууль баталж, түүнийгээ олон нийтэд сурталчлан, хэрэгжиж байгаа эсэхэд нь хяналт тавих ёстой. Гэтэл тэд хуулиа биелүүлэхгүй “улан”-даа гишгиж байна гэхэд буруудахгүй. Учир нь Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар хаврын чуулганы сунгасан хугацаа дуусах дөхлөө. Нэг үгээр хэлбэл, ганцхан хоногийн дараа дуусна. Гэтэл Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах эсэх нь тодорхойгүй байгаа юм. “Сонгуулийн тухай хуультай эн зэрэгцэхүйц чухал хуулийн төслөө ийн хэлэлцэхгүй байгаа нь УИХ дахь намын бүлгүүдийн улстөржилтийг илтгэж байна” гэж ярих хүмүүс бий. Хэтэрхий улстөржсөн үед ямар ч ажил урагшилдаггүй.

Үүний үр дагавар нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд нөлөөлж буй. Үндсэн чиглэл болон Төсвийн хүрээний мэдэгдлийг хаврын чуулганы хугацаанд батлах ёстой. Гэвч энэ хугацаанд батлахгүй байгаагийн илрэл нь “УИХ хууль зөрчиж байна” гэсэн гаргалгааг хийхээс өөр аргагүйд хүрч байна. Хэрэв Төвсийн хүрээний мэдэгдлийг одоо батлахгүй бол намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэхэд яамд хэдий хэмжээнд төсвөө бэлтгэж ирэх нь тодорхойгүй болох юм. Хуулийг биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй байгууллага байж хууль зөрчих нь шударга уу. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганыг 14 хоногийн хугацаанд сунгасан. Харин энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ганц ч удаа хуралдсангүй. Хүссэн, хүсээгүй энэ сарын 10-нд чуулган завсарлана. Гэтэл завсарлага аван сүржигнээд байгаа Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээрээ тохиролцож чадсангүй. Ийм үед нэг гарц ажиглагдаж буйг УИХ-ын гишүүд хэлж байна. Энэ нь шаардлагатай үед ээлжит бус чуулган зарлах тухай юм. Ээлжит бус чуулган зарлах эсэх талаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл шийдэх учиртай.

Ц.Энхцэцэг

Зохиогчийн эрх "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж