2018 оны өвлийн олимп Пёнчанд болно

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

2018 оны өвлийн олимп Пёнчанд болно

Олон улсын олимпийн хорооноос 2018 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод олголоо. Энэхүү онцгой эрхийн төлөө Пёнчанаас гадна Германы Мюнхен болон Францын Анси хотууд өрсөлдсөн юм. Пёнчан өмнө нь 2010 болон 2014 оны өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн боловч тухай бүртээ Канадын Ванкуверт гурван саналаар, ОХУ-ын Сочи хотод дөрвөн саналаар ялагдаж байв.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот 1988 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай ч тус улсын түүхэнд өвлийн олимпийг хүлээн авсан тохиолдол үгүй. Харин Өмнөд Солонгосын хамт олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн Францын тухайд өмнө нь гурван удаа өвлийн олимпийг зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 1992 оны өвлийн олимп Альбервиль хотод болж байв. Тэгвэл Мюнхен хот энэ өрсөлдөөний ялагч болсон бол зуны болоод өвлийн олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох байлаа. Тус хотод 1972 онд зуны олимп болж байсан билээ.

ОУОХ-ны ээлжит чуулган Өмнөд Африкийн Дурбан хотноо болж, энэ үеэр дээрх гурван хотын эцсийн шатны тайлан илтгэлийг үндэслэн ОУОХ-ноос 2018 оны өвлийн олимпийн “нийслэл”-ийг өчигдөр сонгосон юм. Өвлийн спортын их баяр наадам төлөвлөгөө ёсоор 2018 оны хоёрдугаар сарын 9-нд эхэлнэ. Олимпийн тэмцээн, уралдаанууд нийт 13 цэнгэлдэх, талбайд болохоос зургааг нь ирэх долоон жилийн хугацаанд барьж, байгуулах гэнэ. Ийнхүү Өмнөд Солонгосын Пёнчан хот Японоос өөр өвлийн олимпийг зохион байгуулах Азийн анхны хот болж байна. Сонирхуулахад, Дурбан хотноо болсон чуулга уулзалтад Пёнчаны төлөөлөлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мүн Бак, олимпийн аварга уран гулгагч Ким Юүна, Пёнчан хотын байрладаг Ганвон мужийн захирагч асан Ким Жин-Сүн нар багтжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж