Авто тээврийн газар айв уу, авлигад өртөв үү?

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Авто тээврийн газар айв уу, авлигад өртөв үү?

Ердөө  хоёрхон хоногийн өмнөхөн “Петро чайна Дачин тамсаг” компанийн тээврийн замыг  бүх зөрчил дутагдлаа арилгатал нээхгүй байсан хэмээн чанга дуугаар зарлаж байсан Авто тээврийн газрынхан гэнэтхэн  хэлсэн үгнээсээ буцлаа. Тэд “Петро чайна Дачин тамсаг” компанийн тээврийн замыг өнгөрсөн мягмар гаригт нээх шийдвэр гаргасан нь олны эргэлзээ, гайхширлыг төрүүлээд байна.  Автотээврийн газрын дарга Б.Цэнгэл салбарын сайдтай зөвшилцөж тус компанийн тээвэрлэлтийн ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн гэх.  Гэхдээ бас гэрийн даалгавар маягийн зүйлийг “Петро чайна Дачин тамсаг”-т даалгасан бололтой юм.

Өнөөдрөөс 12 хоногийн өмнө буюу өнгөрсөн зургадугаар сарын 24-ны өдөр  Авто тээврийн газраас  “Петро чайна Дачин тамсаг”  компанийн тээврийн замыг хааснаа хэвлэлийнхнийг цуглуулж байгаад л сүр дуулиантайгаар мэдэгдэж байлаа. Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батбаатараар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Авто замын тухай, Авто тээврийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудыг ашигт малтмал болон газрын тос олборлогчид хэрхэн биелүүлж байгааг газар дээр нь шалгаж багагүй зөрчил дутагдал илрүүлсэн, тэрхүү зөрчил дутагдлыг арилгатал  “Петро чайна Дачин тамсаг” компанийн  тээврийн замыг тодорхойгүй хугацаагаар хааснаа дуулгаж асан шалгалтынхны шийдвэр ердөө  реклам төдийхөн байжээ. Тус компани

-Авто тээврийн эрх бүхий байгууллагатай 2011 оны гэрээ байгуулаагүй. 

-Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан авто замын маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгээгүй.

-Тээврийн замын хажуугаар зарим хэсэгт 20 гаруй олон салаа зам үүсгэж, эко системд бодитой хохирол учруулсан, хөрсийг эвдэлж, талхдалд оруулсан.

-Орчныг их хэмжээгээр бохир­дуулж, тоосжилтоос сэргийлэх арга хэм­жээ аваагүйгээс замын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон гэх тү­мэн зөрчил илрүүлснээ бардамнаж, түүнийгээ застал замыг нь нээхгүй  гэдгээ илэрхийлж асан Авто тээврийн газрынхан өмнө нь бас ингэж барим тавим мэдэгдэл хийж байсан нь худлаа биш.

Хоёр сар гаруйн өмнөхөн Тавантолгой, Ухаахудагаас Гашуун­сухайт хүртэлх 245 км шороон замыг наймдугаар сар хүртэл хаахаар шийдвэрлэж  байсан нь бас  л нүглийн нүдийг гурилаар хуурсантай адилхан асуудал болоод өнгөрсөн. Тавантолгой дахь нүүрс тээвэрлэлтэд тавьсан  хориглолт нь  20 ч хүрэхгүй хоногийн настай байсан. Энэ удаад мөн л сахил хүртээд шал дордов гэгчээр  Авто тээврийн газар  10 хоног хүрэлгүй амнаасаа ахиад буцлаа.

“Петро чайна Дачин тамсаг” компанид хийсэн шалгалтаар уг нь замын засвар арчлалтыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэлгүй, хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийснээс замын нийт уртын дагуу зарим газартаа 30-60 см-ын гүн ховил дэржигнүүр үүсгэсэн. Бичигтийн боомт Тамсагийн сав газрын чиглэлийн авто замыг засахдаа өргөнийг тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүйгээр ялангуяа тойрог хэсэгт зургаан метр орчим болгон нарийсгасан. Замын нарийсалт, эвдрэл ховил дэржигнүүр цөмрөлт тоосжилт зэрэг хүчин зүйлүүдээс тээврийн хэрэгслийн техникийн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Туслан гүйцэтгэгч компаниудын тээврийн хэрэгслүүдийн нэгдсэн бүртгэл, хяналтыг төв компани дээрээ хийгээгүй, урьдчилан мэдэгдсээр байтал мэдээллийг хүргээгүйгээс шалгалтад бүрэн хамрагдаагүй. Тээ­вэр­лэлт гүйцэтгэж байгаа тээв­рийн хэрэгслүүдийг шалгалахад тээвэр­лэлтийн баримт бичиг дутуу, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилал таарахгүй, Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-ын жолоо­дох эрхийн үнэмлэхээр жолоодсон” гэх цөөнгүй зөрчил дутагдлыг ар араас нь жирийтэл нь  жагсаажээ. 

Автотээврийн газрын холбогдох албаныхан “Петро чайна Дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай энэ сарын 4-нд уулзсан гэнэ. Уулзалтаар тус компанийнхан тээврийн замаа нээлгүүлэхийг хүссэн бололтой. “Манай компанийн замыг хаасан нь танай улсын эдийн засагт хохиролтой” гэх үгсийг хэвлэлийнхнээр дайж суусан “Петро чайна Дачин тамсаг”  санасандаа хүрчээ. “Петро чайна Дачин тамсаг” компани 2006 оны нэгдүгээр сараас 2011 оны тавдугаар сарын 30-ны байдлаар нийтдээ 5128089  баррель газрын тос олборлоод байгаа бөгөөд 2010 эцсийн байдлаар Монгол Улсын төсөвт нийтдээ  87,4 сая америк доллар оруулаад байгаагаа ч хэвлэлээр зарласан нь учиртай байж. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хүртэх хувь чинь багасна шүү гэсэн анхааруулгыг Монголын Засгийн газарт нэг ёсондоо өгсөн хэрэг. Хятадуудын тавьсан хүсэлт, шахалтын хариуд шийдвэртээ үнэнч байхаа илэрхийлээд байсан Авто тээврийнхэн газрынхан  арай бусдад худалдагдчихсан юм биш байгаа.  Аль эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн  тэднийг айлгачихав уу. “Петро чайна Дачин тамсаг”-ийн тээврийн замыг нээлгүүлгэхээр салбарын сайдыг нь шантаажилж байгаа гэх мэдээлэл чих  дэлсээд өнгөрсөн нь үнэний ортой байв уу.  Монголд газрын тосны үйл ажиллагаа явуулаад таван жил болж байгаа “Петро чайна Дачин тамсаг”-ийнхан өнгөрсөн хугацаанд гаргасан өчнөөн зөрчил дутагдлаа арваадхан хоногийн өмнө арилгачихдаг ямар мундаг хүмүүс вэ. Арваадхан хоногийн өмнө гаргасан шийдвэрээ мартчихаад “алиалж” суугаа Авто тээврийн газрынхан ямар арчаагүй “албат” вэ. Мөнгөнөөс үнэгүй Монголын хуулиа гэж.

Ж.Нямсүрэн

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж