Хятадыг экспортын үүргээ зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Хятадыг экспортын үүргээ зөрчсөн гэв

Хятад улс зарим металын экспортод хориг тавьсан нь олон улсын худалдааны хуулийг зөрчсөн гэж  Дэлхийн худалдааны байгууллага буруутгажээ. Тус улс 2009 онд магни болон бусад ховор металын нөөц багассан гэж экспортод квот тогтоосон юм. Энэ нь Хятад бусад орны үйлдвэрчлэгчдийг түүхий эдийн хомсдолд оруулсан гэж АНУ үзэж байгаа юм. АНУ-ын энэ шүүмжлэлтэй Европын холбоо, Мексик санал нэг байна. Хятад улс цайр, коксжих нүүрс, магни, марганц зэрэг есөн төрлийн металын экспортод квот тогтоосноор гадаадын үйлдвэрлэгчдийг хяхан боож, дотоодын үйлдвэрлэгчдэд давуу тал олгосон нь шударга бус гэж Дэлхийн худалдааны байгууллага үзэж байгаа юм. Дээрх ховор металууд нь ган, хөнгөн цагаан, химийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог.

Хятад ховор металын экспортод квот тогтоосноор 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүлээн зөвшөөрсөн экспортын үүргээ зөрчиж байна гэж тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Хятад ховор металын экспортыг хязгаарласнаар  дэлхийн зах зээл дээр энэ төрлийн түүхий эдийн үнэ хоёр дахин нэмэгдсэн гэж Европын холбоо мэдэгджээ. Хятад ховор металын асар их нөөцтэй орон юм. Телевиз, компьютерийн дэлгэц зэрэг цахилгаан хэрэгслийн гол түүхий эд болох ховор металын 97 хувийг Хятад хангадаг байсан авч дотоодын хэрэгцээг хангаж хүчрэхгүй болсон гэдэг шалтгаанаар экспортын хэмжээг хязгаарлаж эхэлсэн.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж