ОХУ үр хөндөлтийн эсрэг хууль санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

ОХУ үр хөндөлтийн эсрэг хууль санаачилжээ

ОХУ-д төрөлтийн тоо огцом буурч байгаад хууль тогтоогчид санаа зовж, үр хөндөлтийн эрүүл мэндэд хүргэх хор хөнөөлийн талаар зар сурталчилгааг идэвхтэй явуулах талаар хуулийг санаачлав. ОХУ үр хөндөлтийн рейтингээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд үр хөндөлтийг хориглосноор хүн амын бууралтыг зогсооход дөхөм болно гэж үзжээ. Уг хуулийг одоогийн байдлаар доод танхимаар баталж, удахгүй дээд танхимд өргөн барих ажээ.

Шинэ хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр явуулж буй нийт зар сурталчилгааны 10 хувь нь үр хөндөлтөөс үүдэх сөрөг үр дагаврын талаарх сурталчилгаа байх ёстой гэж заажээ. ОХУ-д 2007 оны байдлаар 1,5 сая эмэгтэй үр хөндүүлсэн гэх албан ёсны тооцоо байдаг ч, мэдэгдээгүй, тоологдоогүй албан бус тоо хэчнээн байгаа нь тодорхойгүй юм.

Хуучин ЗХУ-ын үед 1936-аас 1954 оны хооронд удирдагч Сталин төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд үндэстэн даяар үр хөндөлтийг хатуу хориглож байжээ. Үүнээс хойш хэсэг хугацаанд коммунистууд төрсөн эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулж байсан ч, ЗХУ задарснаас хойш эмх замбараагүй, задгай байдал газар авч 1992-оос 2008 оны хооронд ОХУ-ын хүн ам 12  саяаар буурчээ. Энэ үед төрөлт огцом багасч Оросын нийт хүн амын тоо 143 саяаас хэтрэхээ больсон байна.

2050 он гэхэд ОХУ-ын хүн ам 116  сая болтлоо буурна гэсэн таамаг тооцоог НҮБ-аас гаргасан ба арьс өнгөөр ялгаварлах үзлийг арилгаж, цагаачдыг тоог нэмэгдүүлэх нь Оросын хүн амыг өсгөх хамгийн гол боломж гэж үзжээ. ОХУ-д сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, архидалт, ХДХВ, ДОХ, хар тамхины хэрэглээ, хүнд гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа нь хүн ам бууралтын гол шалтгаан болж байгаа аж. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж