Үндсэн чиглэлийг батлахгүй бол төсөв хэлэлцэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийг батлахгүй бол төсөв хэлэлцэх боломжгүй

Д.ДАМБА-ОЧИР: ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХГҮЙ БОЛ ТӨСӨВ
ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖГҮЙ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна. Хаврын чуулган  завсарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн чиглэлийн төсөл  зургаан бүлэгтэй. Энэ нь ирэх онд хэрэгжүүлэх 21 зорилт, 142 арга хэмжээ, түүнд зарцуулах мөнгө, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага, зардал нь ямар байх зэргийг тусгасан чухал баримт бичиг юм. Ямартай ч “Ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээний санхүүжилтэд гурван их наяд зургаан тэрбум төгрөг шаардлагатай” гэсэн тооцоог Засгийн газраас гаргаад байгаа аж. Гэхдээ үүнийг УИХ эцэслэн батлах ёстой. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх байсан боловч “Гишүүдийн ирц бүрдээгүй” гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм.

 
Энэ талаар УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очироос тодрууллаа.

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэзээ батлах вэ?

-Үндсэн чиглэлийн төслөөс гадна Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тухай хуулийг байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /өчигдөр/ хэлэлцэх байсан. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаас болж хэлэлцэж чадсангүй.  Байнгын хорооны хурлаас бол албан ёсоор завсарлага аваагүй.  Тиймээс Үндсэн чиглэлийг хэзээ батлах нь тодорхойгүй байна.

-Үндсэн чиглэлийн төслийг батлах талаар хуульд тодорхой хугацаа заасан байдаг уу?

-Үндсэн чиглэлийн төсөл, Төсвийн тухай хуулийг холбогдох хуульд заасны дагуу хаврын чуулган завсарлахаас өмнө буюу долоодугаар сарын 1-ээс өмнө хэлэлцэх ёстой. Төсвийн хүрээний мэдэгдлийг ч мөн адил. Хаврын чуулганаар эдгээрийг хэлэлцэж, батлахгүй бол намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэхэд яамд хэдий хэмжээнд төсвөө бэлдэж ирэх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихно. Хэрвээ Төсвийн хүрээний мэдэгдлийг хийж, Үндсэн чиглэлийн төслийг батлахгүй бол энэ зун Засгийн газрын ажиллах боломжийг ерөнхийдөө хаачихаж байгаа юм.  Хуулийн хугацаанд багтааж хийдэг ажил шүү дээ.

-Энэ янзаараа баталж чадахгүй бол яах вэ?

-Хаврын чуулганаар хэлэлцэж, батлах ёстой олон асуудал хүлээгдэж байна.  Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэхгүй бол маш хүнд байдалд орно. Үндсэн чиглэлийн төсөлд 2012 оны төсвийн бүх зардал, орлого, зарлагыг хуваарилах ёстой. Бас төсөл, арга хэмжээнүүдэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахыг тусгах  хэрэгтэй байдаг. Үүний дараа л Монгол Улсын төсвийг хэлэлцэх боломжтой болно. Хэрвээ Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, бат­лахгүй бол ирэх оны төсвийг хэлэлцэх боломжгүй.

-Үндсэн чиглэлийн төсөлд чухам ямар, ямар төсөл, арга хэмжээнд санхүүжилт олгох талаар тусгасан байгаа вэ. Тодруулбал, “Хүний хөгжил сан”-ийн талаар ямар заалт байна?

-Эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй тусгасан. “Хүний хөгжил сан”-ийн тухайд гэвэл ирэх оны зургаадугаар сар хүртэл иргэн бүрт 21 мянган төгрөгийг олгохоор болсон. Бас иргэдэд 500 мянган төгрөгийг бэлнээр өгнө. Үлдсэн  нэг сая төгрөгийг оюутны төлбөрт шилжүүлэх,  ахмадуудад бэлнээр олгох, байрны төлбөрт шилжүүлэх талаар Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байгаа. Түүнчлэн уг мөнгөө эрүүл мэндийн даатгал хэлбэрээр олгох асуудлыг ч багтаасан. Одоо эдгээрийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл, Төсвийн тухай хуулиар баталгаажуулах л үлдлээ.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж