Мөхлийн ирмэгт хүрээд буй газрууд

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Мөхлийн ирмэгт хүрээд буй газрууд

Дэлхий дээр өдгөө хүртэл зуу зуун жилд ч байгалийн үзэсгэлэнт төрхөө алдаагүй газрууд  оршсоор байгаа хэдий ч аялал жуулчлалын бүсүүд байнга өөрчлөгдөж байна. Технологи, цаг уурын өөрчлөлт/ хүний болон байгалийн хүчин зүйлс/ хөгжил дэвшил, дайн, гамшигт үзэгдэл, аялагчдын  олон янзын сонирхол аялал жуулчлалыг улам ээдрээтэй болгож байгаа юм. Эдгээр болон бусад олон шалтгаанаар доорх газрууд  аюулд учраад байна. Гол шалтгаан нь байгалийн өвөрмөц тогтцоо аль хэдийн алдаад эхэлжээ.  

Барроув. Аляска
Туйлын цагаан баавгай мөсөн доороос гарч ирж, тайван салхилж буйг харах гэсэн дэггүй шохоорхол нь олон арван аялагчдыг хойд туйлд хөтөлдөг. 2008 оны судалгаагаар туйлын мөс хурдацтай хайлж, баавгайн ан хийх нутаг дэвсгэр хумигдаж байгаа нь тогтоогджээ. Мөхлийн ирмэгт тун ойрхон байгаа энэ амьтныг аварч, хамгаалахын оронд  Аляскад туйлын бааавгайг нэн ховор ан амьтны бүртгэлд оруулах эсэх тухай маргалдаж байгаа нь харамсалтай.

Килиманжаро уул.
1938 онд Эрнест Хэмингуэй нэгэн богино өгүүлэлдээ энэ уулын тухай өгүүлсэн нь түүх болон үлдсэн юм. 1912 онд  Африкийн мөнх цастай хамгийн өндөр оргилын  85 хувийг нь цасан бүрхүүл хучиж байсан  бол 2000 оноос хойш 26 хувь болтлоо хайлжээ. Цаг уурын өөрчлөлт болон ой мод ихээр устсан нь хамгийн их нөлөөлж байгаа юм. Охайогын их сургуулийн эрдэмтэн Л.Томпсон Килиманжаро 2020 он гэхэд нүцгэн уул болохыг анхааруулж байна.

Аппалачиа.
Америкийн зүүн өмнөд хэсгийг бүхэлд нь уул уурхайн компаниуд нүүрс олборлохын тулд уулсын оройг газартай тэгшилж, ой модыг нь хүйс тэмтэрч, хог хаягдлаа гол горхи руу нь хаясан юм. “Уулыг эргүүлэх” гэгддэг дээрх үйл ажиллагаа нь Аппалачын 500-аад  уулын оройг газартай нь тэгшилсэн байна. Зөвхөн баруун Виржиниагын Голей нуурын амралтын бүсээс салаар явж дээрх уулын хормойг харж болдог гэнэ.

Гайхамшигт шүрэн арал.
Хэрэв далайн температурын өсөлт нэмэгдсээр байвал далайд шумбагчдын гол таашаал болох шүрэн арлын 1500 –аад төрөл зүйлийн загас, түүнээс олон төрөл зүйл ургамал, амьтан устах аюул нүүрлээд байгаа юм. 1998, 2002, 2006 онд эрс нэмэгдсэн далайн температурын өсөлт шүрэн арлын гайхалтай өнгийг үгүй хийдэг тахал үүсгэсэн юм. Шүрэн арлын популяциас аюулд хамгийн ойрхон байгаа нь далайн хөхтөн амьтад юм. Эрдэмтэд шүрэн арал нөхөн сэргээгддэг гэж байгаа ч цөөхөн зүйл загасны тоо толгой өсч байгаа нь усан доорх гайхалтай амьдралын экосистемд заналхийлж байна.

Итали Венец.
Далайн түвшин нэмэгдэж байгаа болон хөрсний элэгдлээс шалтгаалан Италын магадгүй дэлхийн хамгийн гайхалтай хот усанд автаж живэхэд ойрхон байгаа юм. Сан Марко, Пиаза зэрэг нам дор хэсэгт оршдог хотууд үерт автах нь олонтаа тохиолдох болжээ.Венецчүүд 4.5 тэрбум ам долларын өртөгтэй асар том үерийн хаалтны инженерийн шийдлийн талаар маргаж байна. Эргэлзээгүй зүйл бол Адриатын тэнгист үүнтэй адил хот дахин босохгүй . Байгалын хүчинд автан бүрэн мөсөн алга боллохоос нь өмнө та Венецийг сүүлчийн удаа үзэхэд гэмгүй.

Хавайн арлууд.
Алоха /сайн байна уу/ нутаг буюу халуун орны диваажин гэгддэг уг арлын маш олон төрөл зүйл ан амьтад мөхлийн ирмэгт тулаад байгаа юм. Энгийн хүний нүдээр маш өвөрмөц байж болох энэ ойн уугуул төрөл зүйлүүд үржимтгий хортон төрөл зүйлүүдэд уусаж байгааг  Хавайн их сургуулийн эрдэмтэн Жонатан Прайс анхааруулжээ. Энэ бол экологийн сүйрлийн эхлэл бөгөөд Хавайн арал зуун жилийнхээс огт өөр төрөл арилжсан мэт болсон гэнэ.

Галапагос.
Эквадорийн эргээс 650 милийн зайд оршдог эдгээр арлууд 150 жилийн өмнө Чарлез Дарвин алдарт байгалийн шалгарлын онолоо гаргасан  алслагдсан бөглүү газар юм. Одоо энэ арал аялагчдын хөлд даруулах аюул нүүрлээд байгаа юм .2007 онд ойролцоогоор 150 мянган хүн далайн арслан, аварга загас,  оцон шувуу, яст мэлхийг харахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирж сонирхжээ. Тэднээс жилд 30 мянган хүн уг арал дээр байрлаж, 80 мянган завь, 65 зочид буудал түрээсэлдэг байна. Уг арал анх 1978 онд дэлхийн өвд бүртгүүлж, 2007 онд аюул  нүүрлээд буй газрын тоонд орсон юм.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж