Тайчууд “даашинз”-ыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Тайчууд “даашинз”-ыг сонголоо

Тайландад өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулиар тус орны  ерөнхий сайд байсан  Таксин Чинаватын эмэгтэй дүү болох Йинглак Чинаватын толгойлсон “Пхыа Тхаи” нам илт давамгайлсан ялалт байгууллаа. Саналын хуудсыг бүрэн тоолсны дараа Тайландын парламентын 500 суудлаас сөрөг хүчний “Пхыа Тхаи” нам 265 депутатын мандатыг авлаа. Засгийн газрын өнөөгийн тэргүүн Апхисит Ветчачивагийн Ардчилсан нам шинэ парламентад 159 суудалтай л үлдэв. Ингээд  Йинглак Чинават Тайландын түүхэнд анхны ерөнхий сайд эмэгтэй болж байна.

Agence France-Presse агент­лагийн мэдээлснээр ирээдүйн ерөнхий сайд эмэгтэй сонгуульд ялсны дараа “Пхыа Тхаи” нам тэргүүлсэн таван намын эвсэл байгуулснаа зарлажээ. Йинглак Чинаватын хэлснээр энэ эвсэл парламентад 299 суудалтай болохоор төлөвлөөд байгаа гэнэ. Тайн хуулиар сонгуульд ялсан намын байгуулах шинэ Засгийн газрын үндсэн үүрэг нь тус орны байдлыг тогтворжуулах явдал болж байна. Энэ Засгийн газар Апхисит Ветчачивагийн эрх барих үед шоронд хоригдсон улс төрийн хоригдлуудыг нэн түрүүнд чөлөөлөхөөс ажлаа эхлэх гэнэ. Улаан цамцтангуудын хөтөлбөрийн хамгийн эмзэг  хэсэг нь улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх гэсэн заалт хэмээн The Bangkok Post бичиж байна.

Тай шинжээчид энэ төсөл нь тус орноос хөөгдсөн Таксин Чинаватыг эргүүлэн авчрах явдал гэж  хүлээж байгаа. Ахынхаа тухай асуусан сэтгүүлчдэд тэр хариулахдаа нам нэг хүний төлөө ажиллахгүй. Чинаватын хувь заяа нь бусад шийтгэгдсэн улстөрчдийн адил тусгай комиссийн гарт байгаа гэжээ. Тэгвэл Таксин Чинават хэдхэн хоногийн өмнө  Монголд амьдарч буй талаар “АЭ” мэдээлж байсан юм.
 Гэсэн ч гадны хэвлэлийнхэн түүнийг Арабын нэгдсэн Эмиратад байгаа гэж мэдээлж байна. Тэдний үзэж байгаагаар “Пхыа Тхаи” нам нь одоо Арабын нэгдсэн Эмиратад орогнож байгаа тэрбумтан Таксин Чинаватын талынхнын үүсгэн байгуулсан Ардын засгийн намын (People Power Party, РРР) үзэл суртлын залгамжлагч нь болж байна. “Пхыа Тхаи” намын улс төрийн хөтөлбөр нь хөдөөгийн ард олныг дэмжих мөн улс орны эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн байна. Нам нь Тайландын өмнөд нутгийн лалын шашинтнуудтай харилцаагаа тогтворжуулж, хоёр орны хил дээр байдаг Преа Вихеа дацангийн талаарх маргааныг Камбожтай энхийн замаар шийдэхийн төлөө байгаа юм.

Дунд анги ба ажил хэрэгч хүмүүс, армийнханд чиглэсэн Апхисит Ветчачивагийн Ардчилсан намтай олон жилээр тэмцэлдэж ирсэн Таксин Чинаватын үзэл санаагаар “Пхыа Тхаи” нам явдаг. Тухайн цагтаа Ардчилсан нам армийн дэмжлэгтэйгээр улс төрийн өрсөлдөгчөө ерөнхий сайдын суудлаас  зайлуулсан бөгөөд тэр нь Тайландад хүчтэй сөрөг хүчнийг гаргаж ирэн улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэсэн билээ.

Тайн цэргийн дарга нарын 2006 оны есдүгээр сарын 19-нд зохион байгуулсан цэргийн эргэлтээр Чинаватын Засгийн газрыг авлигад идэгдсэн гэж буруутган эрх мэдлээс нь буулгасан юм. Хожим 2007 онд ардчилагчид Үндсэн хуулийн цэцээр Чинаватын “Тайчууд тайчууддаа хайртай” (Thai Rak Thai, TRT) гэсэн намыг хориглуулан татан буулгуулжээ.

Тус оронд бүх нийтийн санал асуулга ба парламентын  сонгуулийг 2007 онд зарлан цэргийнхний тусламжтайгаар Ардчилсан нам ялалт байгуулна гэж найдсан юм. Гэвч парламентын сонгуульд Самак Сунтхараветын толгойлсон Ардын засгийн нам ялсан бөгөөд Чинаватын гаргах шийдвэрийг биелүүлэх болно гэдгээ тэр нам шуудхан зарласан байлаа.

Сунтхараветын Засгийн газар 2008 он хүртэл засаг барьсан юм. Тэр үед “Ардчиллын төлөөх ард түмний холбоо” (People’s Alliance for Democracy, PAD), арми болон Ардчилсан намын зарим лидерүүдийн дэмжлэгтэйгээр эрх баригч намыг санал худалдан авсан гэж буруутгасан байлаа. Хэсэг хугацааны дараа Сунтхараветыг ерөнхий сайдын тушаалд Таксины ойрын хамаатан, түүний эгчийн нөхөр Сомчай Вонгсаватаар (Somchai Wongsawat) бүтэлгүй солилт хийсний дараа Ардын засгийн намыг тарааж дахин нэг сонгууль хийсэн.  Энэ удаа ардчилагч нар эвсэл байгуулан засаг авч чадав. Шинэ ерөнхий сайдаар Апхисит Ветчачива сонгогджээ.

Өмнөх хүмүүсийг бодвол Ветчачива энгийн хүмүүсийн талаар бага анхаарч бизнесийн сонирхол, дунд анги болон арми, хааны ордонг илүүтэйгээр дэмжсэн бодлого явуулж ирсэн байна. Ажиглагчдын тэмдэглэснээр ардчилагч нар засаг авснаас хойш Тайландад Таксин Чинаватыг буруутгаж байснаас хүчтэй дарангуйлал тогтжээ. Тухайлбал, эрх баригчид хааны ордны шүүмжлэлд шийтгэлийг чангаруулж интернэтэд хяналтын хүчтэй болгосон гэнэ.

Үүний зэрэгцээ шинэ Засгийн газар 2008 онд авлигын хэргээр эчнээ хоёр жилийн ял өгсөн Таксин Чинаватад эргүүгийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм. Түүнээс үүдээд ерөнхий сайд асан улс орноосоо зугтан эхлээд Их Британид дараа нь АНЭ-д орогнох болжээ.

Сөрөг хүчиндээ Апхисит Ветчачива хатуу хандсанаас түүний нэр хүнд унан сөрөг хүчинд өөрчлөлт хийх хүслийг өдөөсөн билээ. 2009 оны хавар улс орноос зугтсан Таксин Чинаватын талынхан “Дарангуйллын эсрэг ардчилсан холбоо” (United Front for Democracy against Dictatorship, UDD) байгуулсан ба тэдний гишүүд нь “улаан цамцтанууд” гэдгээрээ алдартай болсон юм. Улаан цамцтангууд 2009 оны дөрөвдүгээр сарын 12-нд  Паттайд болох эдийн засгийн томоохон саммитийг явуулахад саад хийлээ. Эсэргүүцэгчдийн идэвхжилт улам нэмэгдэж байснаас Бангкокт онц байдал тогтоон цэрэг оруулж жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байлаа.

Тэр үед эрх баригчид сөрөг х үчнийхнийг тайвшруулан зогсоож чадсан ч жилийн дараа ард олны үймээн дахин  гарч эхлэв. 2010 оны гуравдугаар сард Таксин Чинаватын талын 150 мянгаад хүмүүс Тайн нийслэлд цугларан Бангкокийн хэсгийг бараг эзлээд байлаа. Тайландад дахин онц байдал тогтоон жагсагчдын эсрэг хүч хэрэглэв. Тэр мөргөлдөөний улмаас ерээд хүн алагдсан байлаа.

Чинаватын “залгамжлагч эмэгтэй” засагт гарч ирж буйд хуучин сөрөг хүчнийхэн улс оронд амгалан тайван байдал тогтоно гэж найдаж байна. Гэсэн ч Чинаватын талынхан 2009-2010 онуудад жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн ибуруутнуудыг шийтгэх мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байна хэмээн  AFP мэдээлсэн байв.

Хүчирхийллээс ардчиллын талынхан ч армийнхан ч ядарсан бололтой. Reuters мэдээлснээр болж өнгөрсөн сонгуулийн дүнг арми зөвшөөрөн хүлээж буйг Батлан хамгаалахын сайд мэдэгдээд шинэ Засгийн газар байгуулахад саад болохгүй гэжээ. Сонгуульд ялагдсандаа тайлбар хийсэн Апхисит Ветчачива одоо “Пхыа Тхаи” намын сөрөг хүчин болж буй Ардчилсан намын даргаас огцорч байгааг Bangkok Post сонинд өгүүлсэн байна. Гэсэн ч намын нөхөд нь Ветчачиваг дэмжиж буйгаа илэрхийлэн гурван сарын дараа болох намын сонгуулиар түүний нэрийг дахин даргаараа дэвшүүлэхээр амласан байна.

Одоо сөрөг хүчний лидер бөгөөд “Пхыа Тхаи” намын жинхэнэ лидер хэмээн олон хүн нэрлээд байгаа Таксин Чинават дүүдээ сонгуульд ялсаны баяр хүргэхдээ эх орондоо эргэн очиж гурав дахь удаагаа ерөнхий сайд болохгүй гэдгээ мэдэгдлээ. Чинаватын хэлснийг Reuters иш татсанаас харвал тэр хэтэрхий их хугацаанд намыг толгойлсон ба одоо амрах хүсэлтэй ажээ. Өөрийн 44 настай дүү эмэгтэйгээ тэр өөрийхөө “клон” гэж нэрлээд  Йинглак Чинават түүний улс төр, эдийн засгийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж амласан байна.

Йинглак Чинават гэж хэн бэ?

Йинглак Чинават 1967 оны зургадугаар сарын 21-нд Тайландын хойд нутгийн Чиангмай хотод төржээ. Чиангмайн их сургуульд Чинават “Төрийн удирдлага” мэргэжлээр баклаврын зэрэг аваад мэргэжлийнхээ дагуу АНУ-ын Кентуккиийн их сургуулд магистр хамгаалсан байв. Сургууль төгсөөд тэрээр ах Таксин Чинаватын бизнес бүтцэд удирдах ажилтай байлаа. Мөн хэд хэдэн том компанид ажиллажээ. 2006 оны цэргийн эргэлтийн дараа тэрээр эхлээд Ардын засгийн нам сүүлд нь “Пхыа Тхаи” намд ажиллан улс төрд орж иржээ. 2011 онд парламентын сонгуулын “Пхыа Тхаи” намын жагсаалтыг тэргүүлэх лидерт дэвшсэн байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж