Хятадын соёлын хувьсгалыг гардаж хийсэн хятад залуус бол үзэл суртлаас өөрийг харах чадваргүй мунхарч сохорсон жинхэнэ манкуртууд ба тэд их удирдагчийн үг, хүсэл зоргыг биелүүлэхийн тулд замдаа таарсан бүхнийг сайн муу, буруу зөв, үнэн худлыг ялгалгүйгээр арчин хаяж, бүхнийг өөрсдийн тогтоосон ганцхан хэмжүүрээр хэмжиж, өчүүхэн ч болов илүү гарсныг нь хайр найргүй хяргаж байв. Тэднийг улаан хамгаалагчид гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд хятадын улаан хамгаалагчид шиг үй олноороо утга учиргүйгээр улангасан боссон хүн сүрэг байгаагүй бөгөөд ийм хэв шинжийн хүмүүсийг нэрлэдэг УЛААН ХАМГААЛАГЧИД гэсэн нэрийтгэл утга зохиолын хэлнээ нэгэнт бий болжээ.
Мао даргын санаанд чухам ийм л улаан хамгаалагчдаас бүрдсэн армиар тэнгэр бурхадтай дайн хийж болох тухай бодол орж ирсэн байна.
Гэхдээ Мао дарга тэр дайнаа эхлүүлээгүй л дээ. Хөөрхий, улаан хамгаалагчдаараа хийдгээ хийлгэчихээд, дараа үнсэнд хаясан шалз шиг болгож, эцэст нь ХАЧА-иар арчуулж орхисон аж. Улаан хамгаалагчдын шинж чанарыг их бага ямар нэгэн хэмжээгээр агуулж байдаг хэсэг бүлэг аль ч улс үндэстэн, нийгэм дотор байдаг ба чухам нийгэм, систем нь тэднийг хэрхэн үнэлж, ашигладгаас шалтгаалж тэд идэвхтэй ба идэвхгүй “төлөвт оршдог” байна.
Зарим нэгэн жишээгээр тодруулбал илүү ойлгомжтой болох байх. За тэр, тендер будлиулах, авлига авах энэ тэр бол тэдний хувьд наад захын хэрэг. Цаад тал нь улс эх орноо худалдаж байна. Өнгөрөгч онд МАХН нэрээ сольж, МАН болоход санал нийлээгүй хэсэг нь салан тусгаарлахаа мэдэгдсэн. Санал нийлээгүйн гол шалтгаан нь тэдгээр хүмүүс МАХН гэдэг нэрэнд учиргүй хайртайдаа биш, харин намын шинэчлэл зөв явж чадаагүй, шинэчлэлийг намын нэр солих төдийгөөр аргацаан өнгөрөөх гэсэн хэмээн үзсэнд байгаа юм.
Гэтэл МАН-ын хэдэн залуус гүйж очоод МАХН гэсэн товчлолтой байж болох бараг бүх нэрийг өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлчихэж байгаа юм даа. Шулуухан хэлэхэд луйвар, ил цагаан дээрэм. Нэг хүн бүр арван хэдэн намын нэртэй болчихсон. Нийтдээ МАХН гэсэн товчлол бүхий 70 гаруй намтай. Тэгээд үүндээ “Яагаад болохгүй гэж, бид ийм нэр авах эрхтэй, энэ чинь шударга ёс” гэх маягын тайлбар хийгээд өчүүхэн ч гилмэхгүй сууж байсан гээч. Хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоороо нэгдээд МАХН гэдэг нэрийг авах нь тэдний яндашгүй үнэт капиталын ундарга болсон эрх мэдэлд хүрэх замд нь саад болох учраас л тэр. Түүнээс биш МАХН гэдэг нэрэнд учиргүй хайртайдаа тэгэж олноор нь авч, элэг бөөрөндөө энхрийлэн хав дараад байгаа юм огтоос биш. Шударга ёс ярьж байгаад л шударга ёсыг араар нь тавьж буй хэрэг. Харин өөр хоорондоо энэ увиагүй үйлдлээ цагаатган ярих нь “Улс төр хийж буй” гэх. Юм хэтрэхээрээ элэг доог болдог. Бүр хэтрэхээрээ гамшиг, сүйрэл болдог. Юутай ч өнөөдөр МАХН нэрээ албан ёсоор бүртгүүлээд авав. Гэтэл үүнийг шударга бус, хууль бус явдал хэмээн зүтгэж эхлэв. Удалгүй МАХН-ын нэрийг “шударга бусаар” өгсөнийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах биз. Түүнээ шударга ёсны төлөө тэмцэл гэж нэрлэх нь дамжиггүй. Өөрсдөө бол хэдэн арваар нь нэрс аваад халаасалчихаж болдог, өрөөл бусад нь ганц нэр авч болдоггүйг шударга ёс гэж тунхаглана. Ийм л байгаа юм.
Ингэж хууль зөрчөөд нэг хүн дээр хэдэн арваар нь намын нэрийг бүртгэж өгч байдаг тэр бүртгэлийнхэн авлига авсан, албан тушаалаар дарамтлуулсан, эс бол бас л юу хийж буйгаа мэддэг манай улаан хамгаалагчдын бүлэглэлийнхэн.
Яг одоо бид бүхний нүдэн дээр болж буй нэгэн жишээг авч үзье.
Ардчилсан нийгмийн нэгэн суурь хууль болсон Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсронгуй болгох нь амин чухал шаардлагатай гэдгийг дээр доргүй бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулийн мажоратор тогтолцоо нь манай өнөөгийн нөхцөлд мөнгөнд хамаг эрх мэдлийг өгчихөөд байгааг бид сайн мэднэ. Мөнгөний сонгуулийн үр дүнд наймаачин сэтгэлгээгээр нийгмээ удирдуулахдаа хүрч, нийгмийн бүхий л салбарт дампуурлын шинж төлөв улам бүр архагших болсон. Үүнийг засах хамгийн эхний алхам нь яах аргагүй сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Пропорцианаль нь давамгай байх тусам мөнгөний үнэр бага ханхална. Уг нь 2008 оны сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга С.Баяр энэ саналыг хамгийн хүчтэй зоригтой тавьж байсан боловч улс төрийн эрх ашигтаа харалган болсон Ц.Элбэгдорж тэргүүтэй АН хүлээж аваагүй юм. Гэтэл өнөөдөр МАН-ын ээлж болж, тэд яг гэдийгээд хэвтчихэв. Шалтгаан нь ойлгомжтой. Пропорцианаль давамгай байх нь МАН-д ашиггүй учраас л тэр. Гэвч түүнээ нууж, “Ард түмний хүсэл сонирхол хувь хүнийг дугуйлах талдаа байгаа” хэмээн зүтгэнэ. Энэ нь сонгуулиар тараадаг 10 000, таван кило гурил будаанд нь хууртсан хэд гурван хөөрхий ядуусын л үг. Тэдний санал нь л хэрэгтэй, тэгээд л дараагийн сонгууль болтол таг мартана. Ард түмнээ гэгээрүүлж, сэнхрүүлэх тухай нэг алхам хийх нь бүү хэл харин ч улам бүр мунхаг харанхуй байлгахыг хичээнэ. Түүнээ “Ард түмний хүсэл сонирхол” хэмээн халхална. Яагаад гэвэл боловсролгүй харанхуй ард түмнийг хуурахад амархан учраас тэр. Үүнээ гайхамшигтай тактиктайгаар улс төр хийж байна хэмээн өөрсөддөө итгүүлнэ. Сонгогчдод бол та бүхний эрх ашгийг л хамгаалж байгаа юм гэж хэлнэ. “Тойрогтоо танигдаагүй жижиг намууд, жижиг зүтгэлтнүүд” л пропорцианалыг дэмждэг
тухай үлгэр зохионо. Иймэрхүү маягаар л улаан хамгаалагчдын шинж төрхөө харуулаад эхлэх юм даа.
Уг нь шударга ёсыг амь амьдралаараа ч болов хохирч байгаад хамгаалж үлддэг байхад, манай улаан хамгаалагчид шударга ёсыг зольж байгаад өөрсдийнхөө эрх мэдэл, амь амьдралаа хамгаалж үлдэхийг хичээж байна. Тиймээс л тэд улангассан шинжтэй байгаа юм. ТВ-ээр гарахаар нь сайтар ажиглаарай.
Шударга ёс, үнэний зарчмын эсрэг босоход их л хүч хэрэгтэй дээ. Гэхдээ яах вэ, эрхэм шинэ цагийн улаанхамгаалагчид аа, босоод үз л дээ. Юу болохыг нь харьяа. Даанчиг та нарт Мао байхгүй нь харамсалтай.