Миний ном монгол уншигчдад таалагдах болтугай

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Миний ном монгол уншигчдад таалагдах болтугай

Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” роман орчуулагч Б.Цацралын орчуулснаар хэвлэгдэн гарлаа. “Энэ бол нэн сонирхолтой роман. Монгол орныг зурагласан дүрслэл нь баялаг бөгөөд сэтгэл татам” хэмээн “The Independent” сонинд бичжээ. Монгол хэлнээ хэвлэгдэн гарч буй өөрийн номын өмнөтгөл болгон зохиолч Майкл Уолтерсийн манай уншигчдад зориулан бичсэн үгийг сонирхуулж байна.

“1990 онд анх Монголд очсоноо санаж байна. Ардчиллын салхи дөнгөж сэвэлзэж эхэлж байсан үе. Хөдөө нутгийнх нь үзэсгэлэн, хүн зоных нь найрсаг зочломтгой чанар, эртний түүх, зан заншил хийгээд ирж яваа шинэ цагийн түүчээ нийлсэн энэ оронд би ирсэн даруйдаа соронзон мэт татагдсан.

Хэдэн жилийн дараа би гайхалтай мөрдөгч Нэргүйн тухай “Сүүдрээр алхагч” детектив романаа санаандгүй бичсэн юм. Британиас Монголд анх ирж буй ахлах мөрдөн байцаагч Маклишийн дүр тэр номд бий. Анх удаагаа энэ оронд хөл тавиад алмайрч гайхаж байсан сэтгэлээ уншигчидтайгаа хуваалцах гэсэндээ түүний дүрийг бүтээсэн. “Сүүдрээр алхагч” бол детектив зохиол. Угаасаа миний бичдэг төрөл жанр. Нөгөөтэйгүүр асар хурдацтай өөрчлөгдөж буй энэ орныг сонгон авах нь зүйтэй хэрэг хэмээн бодсон билээ. Энэ ном анх 2006 онд Европт хэвлэгдсэн. Гэвч энд бичиж буй уул уурхайгаас үүдэлтэй зөрчил, байгаль хамгааллын асуудал, шинэ хуучны огтлолцол болоод эсрэгцэл өнөөдөр Монголд улам ч хүчтэй яригдах болжээ.

Гадны хүн ямар нэг улс орон, нийгмийн тухай бичих ямагт амаргүй байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Мэдээж энэ орны тухай дүрсэлж, зураглахдаа алдаж оносон зүйл байгаа. Гэвч Монгол орны өвөрмөц онцлог, сэтгэл татам гайхамшигт зүйлсийнх нь талаар тодорхой ойлголтыг өгсөн гэдэгтээ итгэдэг. Эхлээд Европт, дараа нь АНУ-д хэвлэгдэн гарсныхаа дараа ном маань сайн үнэлэлтүүдийг хангалттай авсан. Мэдээж англи хэлээр уншдаг монгол уншигчдын сэтгэгдлийг сонсох юу юунаас илүү сайхан.

Ном маань монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарна гэж хэзээ ч би бодож байгаагүй. Энэ оны эхээр сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал надтай холбоо барьсан юм. 2007 онд “Сүүдрээр алхагч” дөнгөж хэвлэгдчихээд байхад тэр надтай цахим шуудангаар холбогдон номын маань тухай богино ярилцлага хийж байсан билээ. Харин өнөө жил номыг минь уншсаныхаа дараа тэр надаас орчуулан, монгол уншигчдын хүртээл болгох зөвшөөрлийг хүссэн юм. Мэдээж би дуртайяа зөвшөөрсөн. Миний ном орчуулан хэвлэмээр санагдатлаа түүнд таалагдсаныг мэдээд баярласан. Түүний орчуулсан “Сүүдрээр алхагч” олон олон монгол уншигчдад таалагдах болтугай.

Майкл Уолтерс, 2011 оны тавдугаар сар”

“Баялаг гэдэг хэмжээтэй. Гэсэн ч яг одоохондоо дуусахгүй мэт санагдах арвин нөөцтэй нутагт урьд хожид авч байгаагүй их алт олборлож, үүнээс ашиг, хувь хүртэхээр хошуурцгааж байна” гэсэн мөрүүд уг номд бий. Зохиолчийн сэтгэлд манай орон ийнхүү буужээ. Монгол орныг зурагласан түүний дүрслэл цааш “Бид коммунист байсан. Гэвч итгэл үнэмшлээ хэзээ ч алдаж байгаагүй. Буддизмыг нухчин дарсан, гэхдээ хэзээ ч устаж алга болоогүй. Одоо хэзээ хэзээнээс хүчтэй болон сэргэж байна. Хүн амын маань бараг тал хувь нь нүүдэлчин малчны амьдралаараа амьдарч байгаа. Хот хүрээнд оршин суудаг зарим нэг нь ч тийм эрх чөлөөт амьдралын хэв маягийг мөрөөдсөөр. Гэтэл барууны нөлөө тун эрчтэй орж ирж байна. Гоё ганган зочид буудал барьж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эхэлсэн. Гэхдээ л бид айргаа уусан хэвээр” гэх гол дүрийн баатрын үгээр үргэлжилнэ.

“Сүүдрээр алхагч” номыг “Интерном”, “Мир”, “Билиг”, Улсын их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүдээр борлуулж байна. 1617 болон suudreeralkhagch@yahoo.com хаягаар номын захиалга өгч болох бөгөөд үнэгүй хүргэж өгнө.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж