С.Баярыг Социалистуудын бүлгийн дарга хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

С.Баярыг Социалистуудын бүлгийн дарга хүлээн авч уулзав

Грекийн нийслэл Афин хотноо болж буй СоцИнтернийн Зөвлөлийн хуралд оролцож буй Монгол Ардын намын нарийн бичгийн дарга С.Баяр, Удирдах Зөвлөлийн гишүүн Ё.Отгонбаяр нар Германы Социал Демократ Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Европийн Парламент дахь Социалистуудын бүлгийн дарга Мартин Шульцтэй уулзав.

Сүүлийн жилүүдэд СоцИнтернийн хүрээнд Монгол Ардын нам, Германы Социал Демократ Намын олон талт хамтын ажиллагаа улам нягт хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг МАН-ын төлөөлөгчдийн тэргүүн С.Баяр тэмдэглээд, Германы Фридрих Эбертийн сан, монголын улс төрийн болон төрийн бус олон байгуллагатай хамтран удаа дараагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал хамтарсан арга хэмжээ олныг төлөвлөсний дотор энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулж буй “Азийн социал демократуудын сүлжээ”-ний Удирдах хорооны хурлын талаар мөн мэдээлэл солилцсон байна. Мөн 8 дугаар сарын сүүлээр жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг “Зуны академи”-ийн үйл ажиллагааны талаар ярилцжээ. Германы сонгуулийн холимог тогтолцооны талаар туршлага судлуулахаар Монгол Ардын нам хүмүүс илгээхээр болсон байна

Германы тал Монгол Ардын намын төлөөлөгчдийг энэ намар болох СДН-ын ээлжит Их хуралдаа урьсан байна. Монголын тал саяхан болж өнгөрсөн ХБНГУ-ын Бремен мужийн сонгуулийн кампанит ажилтай танилцуулахаар манай төлөөлөгчдийг хүлээн авсанд талархал илэрхийлэв.

Мөн өдөр СоцИнтернийн Зөвлөлийн хуралд оролцож буй Монгол Адын Намын нарийн бичгийн дарга С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Английн Хөдөлмөрийн намын дэд дарга, СоцИнтернийн дэд Ерөнхийлөгч Харриэт Хэрмэнтэй уулзжээ.

Уулзалтын үеэр хоёр тал сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж буй хоёр намын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид харилцаагаа улам ойртуулж нягтруулахын төлөө  байгаагаа нотолжээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд, Английн Хөдөлмөрийн нам болон Вэстминстрийн сангийн урилгаар Монгол Ардын Намын төлөөлөгчид  Лондон хотноо зочилж тус намын үйл ажиллагааны талаар туршлага судлахаар тохиролцсон байна. Мөн Английн Хөдөлмөрийн намын идэвхтнүүд Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудад ардчилсан засаглалын тодорхой асуудлуудаар сургалт, семинар  зохион байгуулахаар болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж