Хоёр намын санал зөрж, УИХ дахин гацаанд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Хоёр намын санал зөрж, УИХ дахин гацаанд орлоо

Ардчилсан нам ард нийтийн санал асуулгаасаа ухарлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдрийн хийсэн
бүлгийн хуралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Сонгуулийн
хуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар
ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байснаасаа ухарснаа
мэдэгдлээ. Ард нийтийн санал асуулга явуулахад ойролцоогоор 6-8 тэрбум
төгрөг төсвөөс гаргах хэрэгтэй. Мөн асуудлаа нарийн томъёолохгүй бол
санал асуулга явуулаад үр дүн нь хэлэлцсэн асуудлуудыг хүчингүйд тооцон
гарах юм бол хүчингүй  болсон асуудлаар найман жилийн хугацаанд  дахин
санал асуулга явуулах боломжгүй гэсэн хуулийн заалттай учир хөнгөн
хуумгай хандаж болохгүй гэж үзжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт
өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг УИХ-ын 2012 оны сонгуультай
хамтатган явуулж болно гэж тус бүлгийнхэн үзсэн байна. Ингээд санал
асуулга явуулах асуудлаас зөвхөн сонгуулийн тогтолцоотой хамаатай хэсэг
үлджээ. Үүгээр ард нийтийн санал асуулга явуулах нь учир дутагдалтай гэж
үзсэн байна. Сонгуулийн тогтолцоонд аль хувилбарыг давамгайлуулах вэ
гэж ард нийтээс асууж мөнгө гарздах нь оновчтой бус гэсэн байна.

Хоёр
намын бүлэг Сонгуулийн тогтолцооны асуудлаар өөр өөрийн байр суурь
дээрээ хатуу байгаа. МАН-ын бүлэг пропорциональ, мажоритарийн харьцааг
52:24 гэж байгаа. Иймд Ардчилсан намын бүлэг уг харьцааг 38:38-аар
болгож дундын хувилбар гаргая гэсэн байна. Энэ саналаа МАН-ын бүлгийн
гишүүдэд уламжилжээ.

МАН санал асуулга дээрээ хатуу үлдлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин залгуулаад хэвлэлийн бага хурал зарлаж ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээр байгааг мэдэгдлээ. Ийнхүү УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногт хэвийн үргэлжилнэ гэсэн нь талаар болж мэдэх нөхцөл байдал үүсэв.

Ө.Энхтүвшин дарга “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ дахь АН, МАН-ын бүлэг зөвшилцөлд хүрч, байр суурь ойртож байна, ерөнхийдөө ойлголцлоо”  гэдгээ Ч.Сайханбилэг дарга бид хоёр хамт зогсч байгаад сэтгүүлчдэд мэдэгдсэн. АН-ын бүлгийнхэн ард нийтийн санал асуулга явуулах саналыг хүлээн авч байна. Зөвхөн Сонгуулийн хуультай холбоотой бус, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь явуулахаар тохирлоо гэж хэлж байсан. Ингээд энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы үйл ажиллагаа хэвийн явна гэсэн ойлголтод хүрсэн.

Гэтэл өнөөдөр байдал өөр болсон байна. АН-ын бүлгийнхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуультай хамтатгаж явуулна. Сонгуулийн хуулиар санал асуулга явуулах шаардлагагүй, том асуудал биш байна гэлээ. Үүнээс болж байнгын хороод, чуулганы хуралдаанд оролцох асуудал эргэлзээтэй боллоо. Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийнхэн орохгүй, хуралдаж чадахгүй байна. Эргээд төвөгтэй тал руугаа явлаа. АН бүлгийнхэн сонгуулийн тогтолцооны тоон дээрээ тохирч хоёр талаасаа буулт хийе гэсэн.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай 1995 онд баталсан хууль бий. Тэнд том асуудлаар явуулна, жижиг асуудлаар үгүй гэсэн зүйл байхгүй. Төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлох тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэсэн байгаа. УИХ-ын сонгуулийг яаж явуулах нь төрийн том бодлогын асуудал юм. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг амьдралд хэрэглэе л дээ. Шаардлагатай үед үүнийг УИХ зохион байгуулдаг. Иргэдийн төрд итгэх итгэл ч дээшилнэ. Иймээс МАН-ын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээрээ байна. Байнгын хороод, чуулганы хуралдааны үйл ажиллагаанд оролцооч гэж АН-ын нөхдөөс хүсч байна. Долдугаар сарын 10-наас цааш чуулганыг үргэлжлүүлэх боломжгүй. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал, төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэл гээд үлдсэн хугацаанд хэлэлцэх асуудал олон байна.

Сонгуулийн тогтолцооны харьцаагаар 52:24, 38:38, 26:50 гээд янз янзын тоо байна. МАН-ын бүлэг 52:24 гэдэг дээр хатуу байгаа. Олонхийг мажоритар буюу хүнээ шууд сонгох тогтолцоогоор сонгоё. Цөөнх буюу 24 нь намын нэрээр байж болно гэж үзсэн гэлээ. Үүний дараа Ө.Энхтүвшин дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-АН-ын бүлгээс дэвшүүлсэн 38:38 гэсэн тоог хүлээж авах боломжтой юу?

-Энэ саналыг өнөөдөр ч биш, нэлээд эртнээс тавьсан. Манай бүлэг ярьсан. Манай байр суурь хатуу байгаа. Ингээд ард түмэн л үүнийг хагалж өгөхгүй бол хоёр бүлэг тохироход хэцүү байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахад амаргүй, зардал ихтэй, үүнийг тооцох ёстой гэсэн байсан?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахад төвөгтэй гэдэг үнэн. Хугацаа нэлээд шаарддаг. Тэгээд АН-ын бүлгийнхэн 2012 онд УИХ-ын сонгуультай хамтатган явуулна гэсэн байна. Сонгуулийн хуулиар санал асуулга явуулахад бэрхшээл байхгүй. Хүнээ сонгох уу, намыг нь эхэлж сонгоод нам нь хүнээ сонгох зарчмыг авах уу гэдэг асуудал л байгаа. Зардлын хувьд зарим хүн 10 тэрбум төгрөг гэж байгаа. Тэгэхгүй. Гурван тэрбум орчим төгрөгт багтана. Тойрог хэсгийн хороонд ажиллах хүний цалин, сурталчилгааны зардал л гарах байх.

-2008 оны долдугаар сарын 1-ний дараа Сонгуулийн хуулийг шинэчилье гэсэн. Яагаад мажоритар давамгайлуулах болов. МАН-аас мөнгөтэй залуус олноороо гарч тойрог худалдаж авч магадгүй гэсэн яриатай холбоотой юу?

-Сонгуулийн хуулиар тойрогт мөнгө хаяхыг харин ч хаасан. Ард олны санал бодлыг тандахад хүнээ харж байж сонголт хийнэ гэж байгаа. Түүн дээр үндэслэж 52:24 гэсэн.

-УИХ-ын гишүүдийн 2/3-ын санал авч байж санал асуулга явуулах асуудал шийдэгдэнэ. Ингэж чадах болов уу?

-Бүтэх байлгүй дээ.

-Хугацааны хувьд санал асуулга оны өмнө амжих уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахад оны төгсгөл рүү болох байх. Харин зөвхөн Сонгуулийн хуулиар бол есдүгээр сард багтана гэв.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж