Ирланд, Португаль улс Грекийн алдааг давтахгүйг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Ирланд, Португаль улс Грекийн алдааг давтахгүйг хичээж байна

ИРЛАНД, ПОРТУГАЛЬ УЛС ГРЕКИЙН АЛДААГ ДАВТАХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙНА

Олон улсын валютын сан, Евро­пын холбоо еврог аварч үлдэхийн тулд Грек, Ирланд, Португальд зээл олгохоор тулган шаардсан билээ. Хэзээ мөдгүй дампуурч, эдийн зас­гийн хувьд бие даан оршин тогтнох чадваргүй бол­сон Грекийн хувьд зээл авахаас өөр аргагүй байлаа. Эрх ба­риг­чид нь ч үүнийг мэдэрч, ард иргэдийнхээ эсэргүүцлийг үл ойшоон Европын холбооноос тавьсан “Төсвөө хэтрүүлэн танах” болзлыг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Ирланд, Португаль тэгээгүй. Бодлого боловсруулагчид нь “Бид тэгтлээ доройтчихоогүй байна” гэж ам уралдан хэлж байсан боловч эцэст нь “тулган шаардах бичиг”-ийг дагахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Өнөөдөр хүн бүр Грекийн асуудлыг анхаарч байна. Ангалын ирмэгт тулж ирсэн Грекийг Европын холбоо аварч чадах уу гэдэг асуулт бүгдийн толгойд эргэлдэх болж. Грекийн хувьд анх татвар төлөгчдийн мөнгөөр сан байгуулах бодлого нь бүтэлгүйтсэний улмаас өрийн дарамтад орсон билээ. Харин Ирланд, Португальд юу болж байна вэ. Тэдгээр орны нөхцөл байдал бон­дын өгөөж нь боломжийн түвшинд хүрч чадсан уу.

Ирланд улсын банкууд өнгөрсөн оны эцсээр хэвлэлүүдийн анхаарлыг татах болсон. Өнгөрсөн онд Европын холбооноос бүс нутгийнхаа банкууд дунд хийсэн стресс тестийг амжилттай давсан Ирландын “Anglo Irish” дампуурлын ирмэгт очсоноо мэдэгдсэн билээ. Энэ нь хөрөнгө оруулагчдыг сандаргажээ. Ирландын Засгийн газраас гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж ганцхан өдрийн дотор 4.3 хувиар нэмэгдэж байсан юм. Ирландын гадаад өр өссөн нь Португалийн бондын зах зээлд нөлөөлж, хямрал нэгээс нөгөөд халдварлан тархжээ. Гэхдээ Ирландын банкны хямрал нь тус улсад бий болсон орон сууцны үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй гэдгийг шинжээчид нотолдог. Олон улсын санхүүгийн хямрал эхлэхийн өмнө 2007 онд Ирландын үндэсний нийт өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцэж байв. Харин 2004-2006 оны хооронд тус улсын хувийн хэвшлийнхний зээлийн хэмжээ 25 хувиар өссөн нь маш том үзүүлэлт болжээ. Иймэрхүү олон хүчин зүйл нөлөөлсний эцэст орон сууцны зах зээл хямарсан нь Ирландын банкуудыг нэг мөсөн “зогсооход” хүргэсэн юм. Үүнээс болж томоохон банкууд нь эрсдэлд орсон юм. “Anglo Irish”-ийн хувьд харилцагчидынхаа мөнгийг өгч чадахгүй гэдгээ шууд хэлсэн. Тус банк өнгөрсөн оны эхний хагаст 8.3 тэрбум еврогийн алдагдал хүлээжээ. Грек, Португалиас ялгаатай нь Ирландын санхүүгийн хямрал үл хөдлөх  хөрөнгийн зах зээлээс ха­мааралтай. Тиймээс хямралыг эцэс­­­лэхийн тулд тус улсын эрх ба­риг­чид зээлсэн мөнгөөрөө үнийн хөөрөгдлийг тогтворжуулах, бан­куу­дын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа билээ. Гэхдээ зарим шинжээч Ирланд улс дахин санхүүгийн тусламж авч магадгүй хэмээн дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, Европын холбоо, Олон улсын валютын сангаас авсан зээл нь тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа гэх мэдээлэл тархсан нь нэлээд анхаарал татаж байна.

Ирландад хүчээр шахуу зээл ол­госны дараа Европын холбоо Пор­тугалид санхүүгийн тусламж үзүү­лэх асуудлыг өнгөрсөн тавдугаар сард нэлээд идэвхтэй тавьж эхэлсэн юм. Унгарт болсон Европын хол­бооны орнуудын Сангийн сайд нарын уулзалтаар Португалид 80 тэрбум еврогийн тусламж өгөх тухай хэлэлцсэн. Гэхдээ энэ бүхэнтэй зэрэгцээд Португалийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж, Ерөнхий сайд Хосе Сократес огцрох хүсэлтээ гаргасан юм. Эцэст нь Португалид олгох нийт зээлийн гуравны нэгийг Европын холбооны сангаас, өөр нэг хувийг нь Европын холбооны гишүүн орнууд, үлдсэн хэсгийг нь Олон улсын валютын сан гаргахаар болсон. Ирландад олгосон зээлийн явц ч мөн адил ийм зарчмаар явагдаж байсан юм. Португалийн үйлдвэрлэлийн хэмжээ буурч, татварын хөрөнгөөр Засгийн газрын зардлыг нөхөх чадваргүй болж, банкны тогтолцоо нь хямралд орохын хэрээр санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох чадамжгүй болжээ. Гэхдээ Португалийн Засгийн газрын өр нь олон улсын жишгээр тооцож үзвэл тийм ч их биш. Хамгийн гол нь нөхцөл байдал тогтворгүй болохын хэрээр хөрөнгө оруулагчид сандарч эхэлсэн нь тус улсыг эдийн засгийн шинэлчлэл хийхээс өөр аргагүйд хүргэсэн юм. Португалийн шинэхэн байгуулагдсан Засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ажиглагчид дүгнэж байгаа. Эс тэгвэл Грек шиг дахин тусламж авахад хүрч, энэ нь улс төрийг нь дахин “самарч” хаях нь ойлгомжтой. Ямартай ч одоогийн байдлаар Португалийн нөхцөл бай­дал харьцангуй тогтвортой байна. Тус улсын Засгийн газраас гаргасан 10, 15 жилийн хугацаатай бондын хүүгийн хэлбэлзэл бага байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдыг түр хугацаанд ч болов тайвшруулжээ.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж