Кусинич Сирид очоод иржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Кусинич Сирид очоод иржээ

Ливийн асуудлаар Обамад импич­мент зарлах гэж байгаагаа мэдэгдсэн конгрессмэн Сирид очин Башар Ассадтай уулзав.

Сирид очоод ирсэн АНУ-ын Конгрессийн гишүүн Дэнннис Кусинич “Түүний сэтгэл ямар байгааг би мэдэхгүй. Харин нэлээд удаан ярилцсаны эцэст улс оронд нь ардчилсан өөрчлөлт хэрэгтэй гэдгийг тэрээр мэдэж байгааг ойлголоо” гэж CNN телевизид ярьжээ. Мөн тэрээр ардчилсан өөрчлөлтийн төлөө байгаа идэвхтнүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

“Ассадын дэглэм төгс биш байлаа ч гэсэн бүс нутагт ардчилсан өөрчлөлт ирж буйг ойлгож байна. Энэ их урсгалд орохоос өөр зам байхгүй. Үүнийг эс хийвээс дэглэм арчигдах болно. Юуны түрүүнд Сирийн ард түмний тухай бодох хэрэгтэй. Ассад зайлуулагдлаа гэхэд тэр оронд ард  түмнийх нь хүсэн хүлээж байгаа, бидний үзэх сонирхолтой өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ гэсэн баталгаа байхгүй” гэж Кусинич тэмдэглэжээ.

Конгрессийн доод танхимд Огайо мужийн нэгэн тойргийг төлөөлөн суудаг ардчилагч Кусинич хачин  сонин хууль санаачлагчаараа их алдартай. Тухайлбал тэрээр бага Бушид итгэл үзүүлэх асуудлаар санал хураалгана гэж байсан. Мөн ийм санаачлагыг Обамад гарган Ливийн дайнд хутгалдсаных нь төлөө импичментэд оруулна гэж байв.

Сирийн Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцэл сар гаруй үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид армийнхаа хүчээр эсэргүүцлийг дарж байна. Хүний эрхийн төлөөх тэмцэгчдийн мэдээллээр эрх баригчдын хүчирхийллийн улмаас 1400 орчим хүн амиа алдаад байна. Ассадын дэглэмийн эсрэг АНУ ба Европын холбоо хориг арга хэмжээ авахаа зарлаад байгаа юм.

Сирийн хойд нутгаас 10 мянга орчим дүрвэгсэд Туркт орж ирээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж