Дахиад хэдэн хүний амь хэрэгтэй юм!

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Дахиад хэдэн хүний амь хэрэгтэй юм!

Монголд залуу нь хөгширч, хөгшин нь жамаараа мажийх  магадлал алга. Уржигдар өглөө Дарханаас гарлаа гэсэн найз бүр шөнө болсон хойно,
-Сая л орж ирлээ. Чамд хэлэх нэг аймаар сонинтой гэсээр холбогдож байна. “Аймаар сонин” гэж хэлсэн нөхрийн маань хоолойны өнгө яавч олигтой мэдээ биш гэдэг нь илт. Дарханаас нийслэл хүрэх зам буюу Төв аймгийн Баянчандманиас ердөө хэдхэн километрийн зайд хот хоорондын тээврийн автобус онхолджээ. Дотор нь зорчиж явсан зорчигчдоос 30 хүн хүнд, хөнгөн бэртэл авч. Харин амиа алдсан хүн байгаа эсэх нь одоогоор мэдээлэл алга. Ослын дүгнэлт яв, цав гараагүй ч та бүхний харж буй /яриад байгаа найз Б.Батмөнхийн хажуугаар нь өнгөрөхдөө авсан гэрэл зураг/ энэ замын нүхийг тойрох гэж байгаад л осол болсон бололтой. Бидний “хурдны” гэж нэрлэдэг Дархан орох замд 60 км/цагийн хурдтай явдаг “морь тэрэг” ч байхгүй болов уу. Замыг нь засах гээд ухаад орхисноос болж энд ийм осол гарсан гэхэд болно. Баянчандманийн цаана болсон ослыг харсан найз маань түүнээс болоод 40 км/цагийн хурдтай, гүйцэж төрүүлэх машинуудын дуут дохионд чих нь дүлийрэх шахаж, бас загнуулсан ч тоолгүй гэлдэрсээр гэртээ ирсэн гэсэн. Тийм аймшигтай ослыг хараад айсандаа биш, наашаа зам засах гээд ухаж орхисон нүхийг тойрч, туулсаар ирсэн нь тэр.


Айлгүй ч яах вэ дээ. Айж явбал аминд өлзийтэй гэгчээр хурдтай наашилсан бол өнөөдөр тэр надад зургаа өгч чадахгүй ч юм бил үү, бодохоос ч муу ёрын юм. Ингээд нойр хулжив.

Гэтэл ажилдаа иртэл хамт ажилладаг бүсгүй маань ажилдаа ирсэнгүй. Хурлын үеэр түүний аав нь осолд орсон учраас өнөөдөр ирж чадахгүй болсон тухай дуулгалаа. Бүгд л “Яана аа, хаана” гэж бодсон байлгүй. Харин тэр осол л битгий байгаасай гэж дотроо залбирав. Харамсалтай нь, миний залбирал сонсогдоогүй бололтой. Тэр автобусанд явжээ. Азаар гэхэд ч хаашаа юм, аавынх нь биеийн байдал гайгүй байлаа.

Хараал идсэн тэр замыг чөтгөр аваасай. Тэр замыг засч болдоггүй юм байхдаа гэж өрөөнд хамт суудаг нөхөр маань асууж байна.

Үнэндээ Дарханы замыг засч анх ашиглалтанд хүлээлгэж өгөхөд нь мэргэжлийн хяналтынхан хүлээж аваагүй юм. Шалтгаан нь стандарт хангаагүй. Эргэлтүүд нь тэгш хэмтэй. Холын замд жолооч нар хурдтай явдаг учраас эргэлтүүд дээр замыг налуулж өгдөг. Харин энэ замыг тэгшхэн барьчихсан учраас хүлээж аваагүй юм. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэдэг болж, тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр сонгуулийн шоу болгон очиж тууз хайчлаад нээлт хийчихэв. Ерөнхий сайд нь тууз хайчилна гэдэг Монголын төр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ингээд л мэргэжлийн хяналтынхан “Уг нь стандарт бус зам байгаа юм даа” гэсээр хоцорсон. Ерөнхий сайдтай ам мурийх, түүний эсрэг үг хэлэх байцаагч Монголд л лав байхгүй. Гадаадад бол байдаг л биз. Ингээд л энэ зам “алуурчин” болсон юм. Жилийн бус сарын, бүр заримдаа өдрийн давтамжтай энэ зам дээр осол гардаг. Тэр тоолонд наанадаж бэртэж, цаашлаад үхэл дагуулна. Хэдэн аавын сайхан хүү энэ замаар амьдралынхаа эцсийн мөчийг хийснийг нарийн тооцох тоо надад хараахан алга. Ахиад хэд үрэгдэх ёстой гэж. Энэ бүхнийг гэрчлэх машины араг яс харин олон бий. “Хурд-үхэл” гэдэг уруугаа харуулан тавьсан машины “цогцос” Баянчандманиас холгүйхэн жихүүдэс төрүүлэм дүнхийдэг. Ингэж л иргэдийнхээ аюулгүй байдал амь насаар төр засгийнхан бизнес хийн хөлждөг. Ер нь тэр тухай бодвол бараан зураглал байнга буух. Тэдний цээрлүүлснээр ертөнцийн жамаараа хорвоогоос хальдаг нь ховордлоо, Монголд.  Жамаараа бус, замаараа явж ахуйд тэнгэрт хальдаг боллоо, бид чинь. Ганц Н.Энхбаяр ч биш, олон арван улстөрч, бизнесмэнийг энд жишээ татаж болно. Хамгийн ойрхон нь Д.Дамба-Очирын нэрээр алдаршсан Лүнгийн зам байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гэхээр хүмүүс “Аан, нөгөө Лүнгийн замын өндрөөс иддэг хулхи Очир уу” гэж ярьдаг болсон. “Зам-Очир”, “Там-Очир” гээд сонсоогүй муу нэр ч түүнд бараг үлдээгүй дээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бахархалтайгаар 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлдэг “Очир төв” компани нь Лүнгийн замын тендерт ялснаас хойш тэр замаар явсан, зорчсон болгон байдаг муу үгээрээ хараасан. Харин ч түүнд хараал зохих янзтай УИХ-ын гишүүн болж, замынхаа төсвийг хэдэнтээ нэмүүлээд авсан. Баруун аймгийг зорьсон хүмүүс бүгд мэднэ дээ. Тэд зам биш, там тавьж байна гэж халагладаг. Гэтэл энэ талаар замыг засч байсан инженер нь “Очир төв”компани угаасаа ийм зам барих хүчин чадал байхгүй шүү дээ” гэж телевизээр учирлаж байсан ч удаа бий. Яагаад хүчин чадалгүй компани зам барих тендерт ялав аа. Үүнийг харин батлах баримт нь УИХ-ын чуулганаар улс, орон нутгийн чанартай замын тендер авсан аж ахуйн нэгжүүдэд үнийн зөрүү болгож дахин хөрөнгө хуваарилах хуулийн төслийг мань хашир оруулж ирж батлуулсан. Түүний балгаар бас хэд нь хорвоогоос халих ёстой юм. Ер нь манайд замын тендерт орох гэж бөөн юм болдог.

Энэ салбарынхан “Тендер шалгаруулагчид улайм цайм мөнгө нэхдэг. Тэрийг нь бэлнээр гаргаад өгчих хүн ховор. Хэрэв өгөхгүй бол хичнээн сайн байгаад ч тендерт ялна гэдэг үлгэр” гэж гомдоллодог. Замын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд, эсвэл хэн нэгэн улстөрч, өндөр албан тушаалтны хамаатнууд л гүйцэтгэдэг нь нууц биш. Хятадууд манайханд хэлснийг нь өгөөд замынх нь өргөнөөс хасаад ашгаа олоод авчихдаг бол манайхан өндрөөс нь иддэг гэж байгаа.

Хотын зам ч ялгаагүй. Намар нь тавиад хавар нь засдаг жишиг тогтсон. Сарын өмнө хааж байгаад зассан зам өнөөдөр эвдэрчихсэн байх жишээг МУИС-ын өмнөөс харж болно. Аргагүй дээ, тэр замын хуучин битоныг хуулж тэгшлэлгүй дээрээс нь хайрга асгаж байгаад “замын хар” асгачихсан юм чинь. Ингээд бодохоор хөгшрөх нь байтугай маргаашийг үзэх баталгаа алга. Замд гарах гэсэн заримдаа сануулахад амиа алдсанаас ажлаа алдсан нь дээр шүү.

Л.НАРАНТӨГС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж