Монголд цөмийн хаягдал булах асуудал яригдсаныг нотоллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Монголд цөмийн хаягдал булах асуудал яригдсаныг нотоллоо

Японы “Тошиба” корпораци Монголд цөмийн хаягдал булах байгууламж барихаар АНУ-ын засаг захиргааны нэгэн том албан тушаалтныг лоббидож байгааг нотолсон захидлын хуулбар тус улсын “Kyodo News” сонинд өнгөрсөн баасан гаригт нийтлэгджээ.  Өнгөрсөн тавдугаар сарын 12-нд Японы цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Тошиба” корпорацийн ерөнхийлөгч Норио Сасакийн бичсэн  уг захидлыг АНУ-ын эрчим хүчний яамны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Дэниел Поунманд хаягласан байсан талаар “Майничи дэйли ньюс” сайтад мэдээлсэн байна.

Цөмийн хаягдал нийлүүлэх асуудлаар Япон, АНУ, Монгол зэрэг гурван орны Засгийн газрын гишүүд албан бус хэлэлцээр хийснийг нотлох Японы гадаад харилцааны нууц бичиг баримтыг өнгөрсөн хоёрдугаар сард “Kyodo News” дэлгэн тавьсан юм. Хэлэлцээрийн гол сэдэв нь цөмийн эрчим хүч гаргаж авах сонирхолтой орнуудыг АНУ-д үйлдвэрлэсэн цөмийн реактороор хангаж, Монголд цөмийн түлш гаргаж авах үйлдвэр байгуулж, Япон болон бусад орныг цөмийн түлшээр хангаж, хаягдлыг мөн л Монголд булах тухай байв. Учир нь Монголын  уранийн асар их нөөц тэдний анхаарлыг татаж байгаа юм. “Тошиба”-гийн ерөнхийлөгч захидалдаа  "Хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн тулд талууд нягт хамтран ажиллах нь зайлшгүй чухал” байгааг онцолсон байна.

“Тошиба”-гийн төлөөлөгч захидлыг корпорацийн ерөнхийлөгч Поунманд хаягласан гэдгийг баталсан юм. АНУ засаг захиргааны нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар захидал Ерөнахийлөгч Барак Обамагийн гарт очсон гэнэ.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Япон “Майничи Шинбүн” сонинд Монголд цөмийн хаягдал булах байгууламж барих төсөл дээрх орны Засгийн газрын анхаарлын төвд байгаа талаар мэдээлж байсан юм.

"Цөмийн хаягдал нийлүүлэх төслийг олон нийтийн анхааралд хүргэхгүй байхыг бид анхаарах ёстой” гэж Норио Сасаки лобби захидалдаа бичсэн байжээ.

"Төсөл Монголын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас гадна цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын бодлогод нийцэх болно” гэж захидалд өгүүлсэн гэнэ. Цөмийн эрчим хүч болон цөмийн түлш үйлдвэрлэхээс  дэлхийн улс орнууд татгалзаж буй энэ үед Барак Обамагийн засаг захиргаа цөмийн технологийн хяналтыг чангатгах арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн уршгаар бий болсон Фукушима Даичи АЦС-ын цөмийн хямрал Япон, Герман, Итали, Швейцари зэрэг  оронд цөмийн эрчим хүчнээс татгалзах хөдөлгөөнийг эрчимжүүлсэн юм. Харин “Тошиба” цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх байр сууриа өөрчлөхгүй гэж захидалд бичсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Монголын Засгийн газрын төлөөлөгчид цөмийн хаягдал булах байгууламж барих асуудлаар Токиод ирсэн бөгөөд хэлэлцээр маш нууц нөхцөлд болсон талаар Японы Засгийн газрын нэгэн албан тушаалтан мэдээлсэн гэнэ. Монголд цөмийн хаягдал булах байгууламж барих төслийн техник эдийн засгийн үндэслэлээс гадна ёс зүй нь Японд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

"Япон улс өөр ямар ч улсаас цөмийн хаягдал оруулж ирэхийг зөвшөөрөхгүйтэй адил  Монголд цөмийн хаягдал булах тухай ярих нь ёс зүйгүй хэрэг” гэж Мейжийн их сургуулийн цөмийн энергийн профессор Тадахиро Кацута ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж