“Журд” малчны унаа мөн үү

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Журд” малчны унаа мөн үү

Малчны хотонд давхиад буувал гадаа нь унаа морьд байтугай  уяа шузга ч байсангүй. Харин жижиг оврын мотоцикль хэд хэдээрээ сээрийж харагдана.  Мэнд усаа мэдэлцэн унд цай болох хооронд гэрийн эзэгтэй  гарснаа “Хүүхээд, хонь, хурга нийлэх нь байна шүү” гэх чимээнээр  арван тав, зургаан насны хүү “журд” асаан хурдаллаа. Учрыг асуувал хонио салхи сөргүүлж хурганаас нь холдуулахаа явжээ. Тэгэсгэж байтал  өөр нэг нь “Журд”-аа пажигнатал асаан ойролцоох худаг руу давхин одов.

Энэхэн үест Дундговь аймгийн Өлзийт суманд уулзсан , Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Хоомонгийн Баянжаргал “Манайх зуу гаруй тэмээтэй.  Би чинь далаад онд 300 гаруй тэмээ уналгад сурган эмнэг сургалтын спортын мастерын болзол хангаж байлаа. Одоо эмнэг сургадаг малчин ховордлоо. Морь унаж тэмээгээ хариулах хүн алга. Морьтой хүн давхиад очвол тэмээ үргэхээр болсон. Харин мотоцикльтой хүн очиход тэмээ тоох ч үгүй нэлээн сигнаалдуулж байж хөдөлнө шүү” гэж ярьсан нь санаанд орлоо.

Үнэхээр одоо малчдын үндсэн унаа нь “Журд” болчихож. Хавар ноолуурын цагаар бизнесменүүд “Журд” мотоциклийг хэдэн арваар нь авчраад л аймаг, сумын төвд ярайтал өрчихнө. Ноолуураа тушаасан малчид төвөггүй  авчихна. Дараагийн хавар болоход тэд унаагаа солих болчихсон байна. Тэгээд дахиад л авна. Нэг ийм мотоцикль сая орчим төгрөгийн үнэтэй. Бензин бага иднэ. Бензинийг зургаан литрийн саванд нь нэг дүүргэсэн байхад 300 км зовохгүй явна. Үнэхээр ч малчны тохирсон унаа шиг. Уламжлалаа бодохоор мал маллагаанд нэг их тохирохгүй унаа шиг.

Баянжаргалан суманд уулзсан мянгат малчин, жаран насыг зооглосон Бадамын Пүрвээ гэж өрх толгойлсон эмэгтэй “Манай суманд мориор хонио хариулдаг малчин надаас өөр байхгүй. Мотоциклиор хариулсан мал яаж тарга хүч авдаг юм, яаж ч айван тайван идэшлэх билээ” гэж шогширч байсан. Тэр үнэн ажээ,  Б.Пүрвээ мориор хонио дагнан хариулсаар 13 дахь жилдээ “мянгат малчин” хэргэмээ хадгалж яваа ч хоёр ч охиноо өрх тусгаарлуулж хагас мянгаас дээш малтай  болгосон байна. Малчин айлд давхиад буухад гадаа нь эмээлтэй морь, тохоштой тэмээ харагдах айл өдрийн од адил цөөрчээ, Энэ зөв үү. Захын малчин энэ буруу гэлцэх юм. Тэгсэн атлаа морь тэмээгээ унадаггүй. Хавар ноолуураа борлуулаад овоо мөнгө олдог ч тэр нь мотоциклийн үнэнд явчихдаг. Энэ талаас  нь бодвол эдийн засагт ч үрэлгэн, Харин морь , тэмээ гэдэг чинь өртөг зардал шаардахгүй хамгийн тохирсон унаа. Нөгөө талаар мал ардагшиж эмнэгшихгүй, уналга эдэлгээнд сурахаар ашиг шимийг ашиглахад ч гарт ороод ирэх олон талын ач холбогдол баймаар. Мөн богино хөлийн малын хариулгад тохиромжтой, тарга тэвээрэг авах, тогтож идэшлэхэд ч морь, тэмээгээр хариулах нь юутаяй ч зүйрлэшгүй сайн, Гэтэл одооны залуу малчид малаа хариулах морь, тэмээ унаагаа мотоциклиор сольсон нь дэвшил үү, ухралт уу гэдгийг малчин түмэн маань өөр хоорондоо хэлэлцэх юм биш үү,

            С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж