Монгол Улс ардчиллын тугчин болох үүрэг хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Монгол Улс ардчиллын тугчин болох үүрэг хүлээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 26-29-ний өдрүүдэд Украин улсад төрийн айлчлал хийсэн бол зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-нд Литва улсын Вильнюс хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн зургадугаар бага хуралд тусгай зочноор уригдан оролцлоо. Энэхүү онцгой үйл явдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс зарим асуултад хариулт авсан юм.

-Ерөнхийлөгчийн Украин улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тодруулахгүй юу?

-Украин улс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд онцгой улс гэж хэлж болно. Учир нь, Ерөнхийлөгч тус улсын Львов хотноо цэргийн сургуульд таван жил суралцаж төгссөн байдаг. Мөн гэр бүлийнх нь хүн Львов хотын их сургуульд боловсрол эзэмшсэн, анхны хүүхэд нь мэндэлсэн гээд яривал олон сайхан дурсамж бий. Энэ утгаараа Ерөнхийлөгч айлчлалынхаа эхний хоёр өдрийг Львов хотод өнгөрөөлөө. Төгссөн сургуулийнх нь тухайд онцолвол, армийн лидерүүдийг бэлтгэж ирсэн олон зуун жилийн баялаг уламжлалтай. Одоо харин энэ сургуулийн нэр өөрчлөгдөөд Хуурай замын цэргийн академи болсон байна. Мөн Украин улсаас олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илгээж байгаа дайчдыг бэлтгэх гол бааз, бэлтгэл сургууль болж өргөжжээ. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч маань төрөлх сургуульдаа зочиллоо. Сургуулиас нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэт доктор цол олгосон. Энэ нь Львовын Хуурай замын цэргийн академиас түүхэндээ анх удаа олгож буй цол юм.

Айлчлалын хүрээн дэх гол яриа, хэлэлцээр Киев хотод боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  айлчлалынхаа хүрээнд Украин улсын ерөнхийлөгч В.Янукович,  парламентын дарга В.Литвин, Ерөнхий сайдын орлогч болон бусад олон сайдтай уулзаж ярилцлаа. Украин улс нь Европын холбоо, ОХУ-ын хооронд оршдог, транзитын хувьд чухал байршилтай. Монгол Улсын хувьд тус улстай хуучин эдийн засгийн өргөн харилцаатай, олон мянган оюутныг их, дээд сургуульд нь сургасан уламжлалт харилцаатай байсан. Айлчлалын хүрээнд энэхүү уламжлалт харилцаагаа  түншлэлийн хэмжээнд хүргэж,  хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украин улсын ерөнхийлөгч В.Янукович нар гарын үсэг зурсан байгаа.

-Хоёр улсын харилцаа түншлэлд хүрнэ гэдэг нь ямар утга агуулгыг илэрхийлж байгаа вэ?

-Түншлэлийн харилцаа гэдэг нь уламжлалт харилцаагаа идэвхижүүлье өргөжүүлье, утга агуулгатай болгоё гэсэн үг л дээ, товчоор тайлбарлахад.

-Айлчлалын хүрээнд оюутнуудыг сургахаар болсон. Ямар мэргэжлээр оюутан  сургах болж байгаа вэ?

-Украин улс эрдэс баялгийн салбарт уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх арвин туршлагатай. Манай мэргэжилтнүүд өмнө суралцаж байсан. Дээрээс нь тус улсад цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Монгол Улсын хувьд цөмийн эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудал чухлаар тавигдах болсон. Украин улсын хувьд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй сургуулиудтай. Түүнд оюутан сургахаар боллоо. Мөн эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Төрийн айлчлал маань ихээхэн амжилттай болж, өндөрлөлөө.

-Вильнюс хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн зургадугаар бага хурал болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү бага хуралд тусгай зочноор оролцож, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах тугийг гардаж авлаа. Монгол Улс энэхүү хамтын нийгэмлэгийг удирдах болсноор ямар үүрэг хүлээж байна вэ?

-Монгол Улс 2011 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Дэлхийн ардчиллын тугчин болж явах үүрэг хүлээж байна. Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилээр тэргүүлэх хүндтэй үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сая Литва улсаас хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү тугийг гардах үеэрээ “Ардчилсан хувьсгалд оролцож,  манлайлж явсан хүний хувьд биечлэн энэхүү тугийг авсан нь том хариуцлага ирж байна” гэдгээ хэлсэн.

Дэлхий даяараа эрх чөлөөтэй амьдаръя, хэлэх гэсэн үгээ хэлчихдэг байя, хүссэн хүнээ сонгочихдог байя гэсэн ийм итгэл найдвар тээж байгаа олон сая хүн ирэх хоёр жилд Монгол Улсыг харах болж байна. Ийм их үүргийг Монгол Улс хүлээлээ. Ерөнхийлөгч тугийг гардаж аваад таван чиглэлээр идэвхитэй ажиллах болно гэдгээ хэлсэн.

-Таван чиглэлийг тодруулбал?

-Хамгийн тэргүүнд иргэдээ сонсдог, иргэдийн оролцоог хангасан ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө. Дэлхий даяар дэмжихийн төлөө ажиллах болно гэдгээ  мэдэгдсэн.

Хоёрдугаарт, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, шударга нийгмийг хангахын төлөө ажиллахаар болж байна. Энэ нь шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог сайжруулахын төлөө Монгол Улс дэлхий даяар манлайлан явна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

Гуравдугаарт, идэвхитэй оролцоотой иргэний нийгмийг бий болгохын төлөө санаачлагатай ажиллана гэсэн. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд залуучуудын, эмэгтэйчүүдийн бизнесийн гэсэн олон байгууллага үүсч байгаа юм байна. Гэхдээ энэ хугацаанд оюутны байгууллага байгуулагдаагүй. Тиймээс нийгмийг ардчилал руу хөтөлдөг, тухайн нийгмийг шинэчлэх гол хүчин болсон оюутнуудын хөдөлгөөнийг үүсгэн бий болгоно гэсэн шинэ санаачлагыг гаргасан. Энэ чиглэлээр Монгол Улс идэвхитэй ажиллах зорилго тавилаа. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулахаа мэдэгдлээ.

-Бага хурлын үеэр дарангуйллын тухай нэлээд хөндөж, Монголын ардчиллаар бахархаж байсан. Ерөнхийлөгчийн хувьд ч амлалт өгчих шиг болсон. Монгол Улсын хувьд энэхүү хамтын нийгэмлэгийг удирдах үүрэг хүлээснээр бусад улс дахь дарангуйллыг устгахын төлөө хэрхэн санаачлага гаргаж ажиллах болж байгаа вэ?

-Литва улсын хөрш орон болох Белоруссын тухай бага хурлын үеэр хөндлөө. Тус улсын ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн өрсөлдөгчөө шоронд хийсэн байна. Энэ бол ардчиллыг нугачин дарж байгаа лидерийн жишээ гэж хуралд оролцогчид тэмдэглэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 21 жилийн өмнө ардчиллыг бий болгохын төлөө манлайлан явж байсан улстөрчдийн нэг. Хоёр ч удаа Ерөнхий сайдын алба хашсан, одоо бол Ерөнхийлөгчийн алба хашиж байгаа. Ардчиллын төлөө тууштай тэмцэж ирсэн, одоо ч үлгэр дуурайл үзүүлсээр байгаа. Энэхүү тууштай үзэл баримтлал нь дэлхийн олон нийтэд үлгэр болох юм. Араб, Хойд Африкын Тунис, Египет, Ливи зэрэг орон энэ асуудал дээр эргээд ардчиллыг дэлхийн анхаарлын төвд авчирлаа. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн туршид ардчиллыг тогтвортой хөгжүүлж амжилтад хүрсэн. Энэ туршлагаасаа Монгол Улс дэлхийн олон нийттэй хуваалцах байх. Энэн дээр Ерөнхийлөгч бас тэргүүлж тугчин нь болж явах байх аа гэсэн итгэл найдварыг хүлээлгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэхүү үүргийг нэр төртэй авч явна гэдгээ хэлсэн.

-Ерөнхийлөгчийн хувьд мөн  улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгахын төлөө ажиллах болно гэж мэдэгдсэн. Энэ чиглэлээр хэрхэн ажиллах вэ?

-“Эмэгтэйчүүд ардчиллыг дэмжиж байна” гэсэн салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохдоо үг хэлсэн. Энэ үеэр эмэгтэйчүүдийн эрхийн тухай маш олон асуудал ярьсан. Дэлхий дахинд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадсан хэд, хэдэн бүс байна. Тухайлбал, Финланд улс, эмэгтэй ерөнхий сайдтай, Батлан хамгаалахын сайд нь эмэгтэй байх жишээтэй. Литва улсын ерөнхийлөгч мөн эмэгтэй. Энэ бол сайн жишээ. Харин Монгол Улсын хувьд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч квот тогтоох ёстой гэсэн. Хуралд оролцсон 400 орчим хүний дунд квот тогтоох нь зөв үү гэдэг дээр санал авахад дөрөвхөн хүн л “Квот тогтоох хэрэггүй” гэж санал өгч байсан. Тэр нь Шведийн орнуудаас ирсэн хүмүүс байсан.

Ерөнхийлөгчийн хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд квот хэрэгтэй. Монгол Улсад квотыг бий болгохын төлөө ажиллах болно гэсэн амлалтыг өгсөн байгаа.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж