Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Манай сумын наадам

“Суусрын гүйдэл шиг салхи шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юү
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юү”  гэсэн агуу их найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны   цэц асгасан шүлгийг сонсохноо манай сумын наадам  нүдэнд харагдаад ирнэ.

Наадмын өглөө радио дуугарахаас тээр өмнө эхэлчихсэн, хаа л бол морьтой хүмүүс давхилдаад, нэг л их хөл хөдөлгөөнтэй. Уяачдын уран зүмбэр хээтэй  хөх эрээн асар сумын төвийн эргэн тойрон тагтаа адил цэнхэртээд, дөрвөлжилж татсан уяа шон дээр алтан туурт хүлгүүд эргэцэн  үүрсээд л,,, цовоо цолгин хүүхдийн гийнгоо сэтгэл хөвсөлзүүлээд… ай даа манай сумын наадам. Дундговь аймгийн Өлзийт сумын наадам.

Хөх эрээн асарт гоёлын дээлийн энгэрт одон тэмдгээ ярайлгасан ахмадууд хул дүүрэн айраг мэлтэлзүүлэн хуучилж хэний морь өнгөтэй, хэний хүү бяртай байгааг хүүрнэн сууна. 

-“Хоёр цагаан тэмээт” Дагдангийн Цэдэггомбо ч мөн бяртай байсан. Улс хувьсгалын 5 жилээр Вандан аваргаар давж Улсын заан цолонд хүрсэн дээ.
-Данын Түмэн, Борын Чимэддорж, Даржаагийн Мандал,,, аймгийн цолтой сайн бөхчүүд байлаа даа,

-Түмэндэлгэрийн Чимэд чинь Овоотод алба хааж байх даа, Цэргийн начин цол авсан. Сайн барилдаж байсан юм. Хоёр хүүгийн нэг нь цэргийн, нөгөө нь аймгийн начин. Удам байна шүү.

-Дамбадаржаагийн Санзайжамц, Дамдинжавын Цолмон хоёр ч аймагтаа сайн л заанууд. Араас нь сайн сайн хүүд нар залгаж байна даа. Хөдөөгийн хөх өвгөд ийн хүүрнэнэ.

Залуус морь шинжин Дооровын Дашдаваагийн  их, бага бууралын үр төл тэр нь, энэ нь гэж цэц булаалдан “Жаал” Дондог алдарт уяачийн улаан залаат малгайтайгаа  уяачдад сургамж хайрлаж суугаа харагдана.

Хүүхдүүд морьтой давхилдан хаана ундаа, зайрмаг, хуушуур зарж байгааг шохоорхон хэдэн бор төгрөгөө үрэн таран хийхийн түүс болцгоон дарвина.

Тэднийг харахнаа морь, бөх гэхээс илүүтэй хуушуур идэж лимоны шүүс гэх  бэржгэр  лонхтой хачин амтлаг ундаагаар цангаа тайлан үеийхэнтэйгээ дарвин асар тойрон давхилдсанаа сайхан наадамдсанд бодож явсан хүүхэд нас өөрийн эрхгүй  сэтгэлд ургана. Дааганд хүнддэж, хүүхэнд хөнгөдөх насны банди нар хэд гурваар хэлхэлдэн үеийн охидын морийг ороолгон огло үсрүүлэн дүрсгүйтэж тэдний тас тас хөхрөлдөн аальгүйтэхийг  харан шавайгаа хангана.

Уяачдын галаас наадамчид хөдлөнө гэдэг сүртэйсэн. Унаач хүүхдүүд морьдоо хөтлөн өдөржийн газар дахь сумын төвийг чиглэнэ. Уяа морьд хөтлөсөн хүүхдүүд давхих, шогшуулах хориотой, зөвхөн гэлдрүүлнэ. Уяач томцуул хааяа давхин ирж сургаал айлдчихаад  ойрын айл руу давхин одно. Тэд айлд аагтай цай, аяга тагш шимийн “Юм” эргүүлж байгаад бараа тасрахаар араас давхилдан  ирнэ. Зуны халуун наранд морь хөтлөсөн хүүхдүүдийн ам цангана гэдэг тоймгүйсэн.  Хурдан морь унасны хөлсөнд  морины эзэд арван төгрөг, сайндаа номын цүнх өгдөгсөн. Түүнийг нь чамладаг ч үгүй байж дээ. Хүн, морь хоёр багширч байсан наадмын талбай маргааш нь эль хульхан. Энд тэнд чихрийн цаас  хийсээд л, наадамчид майхан, хөсгөө ачаалан гүвээ даваад л,,, Ийм л зураг сэтгэлд үлдэж.

Одоо бол манай сумын наадмын дүр зураг өөр болжээ, Газар шүргэсэн том дээлтэй бөхчүүд наадмын өглөө данхайсан данхайсан Жипээр  хэд гурваар ирээд л, энд тэнд  хурдан морьд хаа холоос хөлөглөж ирсэн портер машинаас үсрэлдэн бууцгаагаад. Наадмын талбай тойроод гял цал, шил толь болсон  Жипүүд эгнээд, гоё машин, сайхан хүүхэн, харцуулын үзэсгэлэн гарчихсан шиг, залуучуудын хөлөглөж ирсэн “Журд”- нууд хэдэн зуугаараа хот дүүрэн ямаа шиг сээрийлдээд, манай сумын наадам  аа гэж.

За тэгээд хурдан морь, хүчит бөхийн бай шагнал, унаач хүүхдийн бэлэг сэлтний ханш ч гэж гараад өгч. Компаны захирал, бизнесменүүд бие биеэсээ өрсөн  ивээн тэтгэсэн шан харамжаа гардуулаад… Хөдөөгийн өнгө сайхан болж, хөдөөнийхний амьдрал ч чинээлэг тийшээ сайжирчээ. Наадмын талбай дүүрэн дуу хуур уянгална. Наадмын талбай цалгитал инээд хөөр халгина. Сум сумын наадмаас манай сумын наадам сайхаан. Улам ч сайхан болж байна даа.

Дундговь аймаг дахь сурвалжлагч С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж