Хятадад хөгжингүй эдийн засаг бүрдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Хятадад хөгжингүй эдийн засаг бүрдээгүй байна

БНХАУ-ын нэрт эдийн засагч, профессор  Ли И-Нинг Монголд айлчилж “Өнөөгийн Хятадын эдийн засгийн чиг хандлага” сэдвээр лекц уншсан юм. Түүний лекцийг сонсохоор их, дээд сургуулийн багш, оюутнууд, эдийн засагчид Соёлын төв өргөөнд ирсэн байлаа. Ноён Ли И-Нингийн лекцээс өмнөд хөршийн эдийн засгийн төлөв байдал дараах байдалтай харагдаж байна.

Энэ жил бол Хятадад  12 дахь удаагийн таван жилийн  төлөвлөлгөөг эхлүүлэх жил юм. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2010 онд БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хэмжээ  Японоос давсан төдийгүй дэлхийд хоёрт орсон гэж мэдээлжээ. Энэ үзүүлэлтийг ноён Ли И-Нинг Японтой жишиж  тайлбарлав. Хятадын хүн ам Японоос 10 дахин олон. Эндээс өмнөд хөршийн нэг хүнд ногдох ДНБ нь Японы аравны нэгтэй тэнцэнэ гэж ойлгож болохоор байна. Мөн ДНБ-ний бүтцээрээ Хятад улс Японы хэмжээнд хүрэхгүй.  Учир нь Японы  үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт техникээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн харьцангуй өндөр байр суурь эзэлдэг бол Хятадад тийм бүтээгдэхүүн ДНБ-д багахан хувийг эзэлдэг.

БНХАУ-ыг Японтой харьцуулбал хүн хүчний нөөцийн бүтэц маш их ялгаатайг ноён Ли И-Нинг тэмдэглэлээ. Японд  техникийн  нарийн мэргэжилтэн олноор ажилладаг бол Хятадад цөөн. Шинжлэх ухаан техникийн ажилтан, эдийн засаг, банк санхүү, менежментийн чиглэлээ их сургууль төгсөгчдийн хэмжээгээрээ Япон улс нь Хятадад энэ чиглэлээр бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний хэмжээнээс хавьгүй илүү байна. Энэ нь Хятадад хүний нөөцийн бүтцийн зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг харуулж байгаа аж. 

Ноён Ли И-Нинг 2008 оны сүүлээр баруун Европт лекц уншихаар уригджээ. Тухайн үед олон улсын банк санхүүгийн хямралын шуурга Хятадыг ч нөмрөөд байсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн хэмжээ зургаан хувь  хүртлээ буурсан байв. Баруун Европын эдийн засагчид түүнээс  “Барууны улс орнуудад жилд эдийн засгийн өсөлт  2-3 хувь байдгийг хангалттай гэж үздэг. Ажилгүйдлийн асуудал ч үүсэхгүй. Гэтэл Хятад улс яагаад 9-10 хувийн өсөлтийг зохистой гэж үзэж байгаа юм  бэ. Танай эдийн засаг хэдийгээр маш өндөр өсөлттэй боловч бага зэрэг буурахад хямрал үүсч байгаа нь ямар учиртай вэ “ гэж асуужээ. Ноён Ли И-Нинг тэдэнд “Барууны улс орнуудын аж үйлдвэржилт 200 гаруй жилийн түүхтэй. Тариачид гэхэд тосгонд өөрийн орон сууцтай, хөдөөний амьдралын нөхцөл сайн, баталгаажсан. Харин Хятадын нөхцөл байдал өөр. Тариачид хотын иргэдтэй адил нийгмийн байр суурь олж авахын төлөө хотод олноор орж ирдэг.  Иймээс бидэнд эдийн засгийн өндөр өсөлт зайлшгүй хэрэгтэй” гэж хариулжээ. Эндээс Хятад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх болсон ч хөгжингүй эдийн засаг биш гэдгийг эрдэмтэн тайлбарлаж байлаа.

Хятадын эдийн засгийн хөдөлгөгч хүч хаана байдаг вэ?

БНХАУ-ыг гэнэт цойлуулан дэлхийн тав­цанд гаргаж ирсэн үйл явдал нь 1970-аад оны  шинэчлэлт.  Тэндээс иргэд бүтээснийхээ хэрээр цалин хөлс авдаг тогтолцоо  эхэлжээ.  Хэдэн жи­лийн дараа гэхэд  зах зээлд  тахиа, нугас, загасны мах, тос, газрын самар гээд нүдний гэм байсан бүхэн гарч ирсэн байна. Дахин хэдэн жил өнгөрөхөд картын барааны үйлчилгээ уст­жээ. Энэ тогтолцоонд шилжсэнээр тосгоны хөдөл­мөр­лөх хүч  өсөн нэмэгдсэн байна.  1980-аад оны эхэн үед галт тэргээр явахад  Сүн Ят Сен маягийн хувцас өмсч, том жижиг цүнх барьсан тариачид хаа сайгүй  харагдах болжээ. Тэд бол тос­гоны аж ахуйн нэгжийн борлуулагчид бөгөөд бараанаасаа зам зуур худалдаж борлуулж байсан хэрэг юм. Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт системтэй зэрэгцэн тосгоны аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний зах зээл ийнхүү үүсчээ. Ингэснээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо  устаж зах зээлд шилжсэн байна. Хүмүүс  хөрөнгөө нийлүүлэх замаар хувьцаат аж ахуйн нэгжүүдийг хамтран байгуулдаг болжээ. Ингэж хувьцааны системт  аж ахуй нэгж хаа сайгүй үүсч хожим үнэт цаасны бирж болон өргөжжээ.

Тариан талбайг айл өрхүүдэд хувааж өмч­лүүлэх тогтолцоо 1979 онд бий болов. Зарим газар ойг хуваан өмчлүүлсэн нь эцэстээ уулын модыг огтолж байгалийн гамшиг үүсэхэд хүргэсэн байна. Яах гэж мод огтолж байгааг  асуухад тариачид “Коммунист намын бодлого нэг л мэдэхэд өөрч­лөг­дөнө. Шийдвэр гарсан дээр нь  маш хурдан модыг цавчья. Хоёр жилийн дараа өмчлүүлсэн уулыг хураагаад авчихна. Модыг нь огтолж авахгүй бол хохироод үлдэнэ” гэж хариулдаг байжээ. Төвөөс тухайн  үед мод огтлохыг хязгаарласан боловч 20 гаруй жил сунжирч ХХI зуунд ойг хамтран өмчлөх эрхийн журмын шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үзсэнээр одоо Хятадад ойжуулах их ажил өрнөөд байна.  Одоо тариачид ойд тахиа тэжээж, мөөг, эмийн ургамал тарьж, хулсан ойн бүсэд сүлжмэлийн ажил эрхэлдэг болжээ.

Харин Хятадын эдийн засгийн хөгжлийн дараагийн шатны хөдөлгөгч хүч нь ард иргэдийн идэвхийг дэмжиж ажиллахад оршино гэж эрдэмтэн Ли И-Нинг үгээ өндөрлөлөө.

Эндээс харахад Хятад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлсон ч хөгжингүй эдийн засаг бүрдээгүй байгаа юм байна.

Д.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж