Хөгжлийн банк хөнжилдөө нойрсчихов уу

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк хөнжилдөө нойрсчихов уу

Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг гартаа атгаж буй Хөгжлийн банк үүдээ нээж, өрхөө татсанаас хойш даруй хоёр сарын нүүр үзэх гэж байна. Улаан тууз хайчлан, марш эгшиглүүлсэн  Хөгжлийн банк өдгөө хөнжилдөө нойрсч хэвтэнэ үү, аль эсвэл ажилдаа нухлагдаж байна уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийг түргэтгэж, хөрөнгө оруулах ёстой Хөгжлийн банк ингэхэд  хоёр сарыг “хоосон” үдэв үү, “хоолтой” өнгөрөөв үү.  Хоёр сар гэдэг өнөөгийн хөгжлийн хурдцаар, секунд, минутаар тооцвол их хугацаа. Хойргошиж, алмайрвал хоёр сар байтугай хоёр жил, хорин жил хоосон сууж болно. Ямар ажил амжуулж байгааг нь тус банкныхнаас асуухад “Бонд гаргах бэлтгэл ажлаа хангаж байна” л гэх ээлжит хариултаа дахин дахин өгөх…

Тус банкийг байгуулах болсон гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийх, олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулахад чиглэж буй гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нэгэнтээ онцолж байсан. Тиймдээ ч өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр тохиосон шинэхэн банкны хуримын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайдаа залан очиж хүндэтгэл үзүүлсэн байсан юм. Ёслолд оролцсон төр засгийн болоод банк санхүүгийн салбарынхныг тоочих  юм урт жагсаалт гарна. Тус банкны “хуримын бэлэг” болгож дүрмийн санг  нь 16,7 тэрбумаар тогтоосон хийгээд цаашид жил бүр өсөн нэмэгдүүлж 100 тэрбумд хүргэхээр төлөвлөж байгаагаа  Сангийн сайд амалж байсан юм. Төсвөөр тэтгэгдэж, Засгийн газрын бондыг зарцуулах үүрэгтэй, Хөгжлийн банк хүлээн авсан томоохон төслүүдээ түргэтгэх талаар ямар ажлыг амжуулав аа.  Өмнөд  Солонгосын Хөгжлийн банкаар өрхөө татуулж, үүдээ мануулах болсон Хөгжлийн банк өдийд хөгжлийг түргэтгэхийн төлөө хөлсөө гартал зүтгэж байх ёстой, уг нь.

Монгол Улсын Засгийн газар  хэд хэдэн  томоохон төслийг хэрэгжүүлэхээр тус банкаар дамжуулан үнэт цаас гаргахаар болсон.  Тэдгээрийн хамгийн гол хамгийн чухал төсөл нь  “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар 800 тэрбум төгрөгийн бондыг Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгийн зах зээлд гаргах юм.  Дээрх 800 тэрбум төгрөгийн 447 тэрбумыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт зарцуулах ёстой.  Тэрхүү “100 мянган айлын орон сууц” төслийн түргэтгэхийн тулд   Хөгжлийн банкны шийдэх ёстой нэг асуудал  нь зургаан хувийн хүүтэй зээл.  Бага дунд орлоготой иргэдэд зургаан хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэсэн  100 мянган айлын орон сууц барих хөрөнгийг Хөгжлийн банк өнөө хүртэл гаргаагүй хэвээр байгаа юм.

Тус банкнаас гаргах 447 тэрбум төгрөгийн бондын 300 тэрбум нь барилга угсралтын, үлдсэн нь газрын болон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний  ажилд зарцуулагдах учиртай. Энэхүү үнэт цаас өнөөдөр Хөгжлийн банкаас хөрөнгийн зах зээл рүү аль хэдийнэ “урсчихсан” ёстой байлаа, албаны хүмүүсийн амалж байснаар бол.   Тус банкны ТУЗ-аас зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг зургадугаар сард багтаан  шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Харамсалтай нь,  орлого багатай иргэдэд олз гэмээр амттай сонсогдох зургаан хувийн хүүгийн асуудал өнөө хэр нам гүмхэн.

Баяр наадам, амралт зугаалга гэсээр байтал ирэх намар шийдэгдвэл зол болох шинжтэй. Эсвэл бүр хойтон ч байж магадгүй.  Хойтонгоос хойтон руу ч шидэгдэж болох нь, энэ янзаараа бол.
Хөгжлийн банкаар дамжуулах Засгийн газрын дараагийн үнэт цаасыг ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрүүдэд хаяглаж буй.  Дээрх салбарт 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу Засгийн газрын 300 тэрбумын үнэт цаасыг дамжуулах ёстой Хөгжлийн банк  нь хөнжилдөө таг унтчихаж гэлтэй.  Ноолуурын үйлдвэрүүд Засгийн газрын дэмжлэг болгон өгч буй 100 тэрбумыг нь хүлээсээр “бухын доодохыг харж, үнэг турж үхнэ” гээч л болчихоод байна. Хахир хавраар өрнөсөн энэ асуудал УИХ дээр нэг хэсэг гацсан бол өнөөдөр Хөгжлийн банкнаас болоод саатаж болсон гэдгийг ноолуурын салбарынхан өгүүлж байна. Хятадуудын хөлд шир­вэгдсэн үндэснийхээ үйлд­вэ­­рүүдийг дэмжихээр Засгийн газраас анх 110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байсан юм.

Энэ 110 тэрбум төгрөг 300 тэрбум болтлоо нэмэгдэж, дээрх бондод ноолуурын үйлдвэрүүдээс гадна ноосны болоод жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих дэмжлэг багтсан. Өөрөөр хэлбэл ноолуурын үйлдвэрүүдэд 100 тэрбум, ноосны урамшуулалд 50 тэрбум, жижиг дунд үйлдвэрүүдэд  150 тэрбумыг өгөхөөр УИХ шийдвэрлэсэн юм.     Өнгөрсөн хавар Монгол Улс 4000 тонн ноолуур самнаж бэлтгэжээ. Үүний 80 орчим хувь нь урд хөрш рүү экспортлогдсон байна. Засгийн газраас амалсан 100 тэрбум төгрөг замдаа саатаагүй бол үндэсний үйлдвэрүүд өнөөдөр өр ширэндээ баригдалгүй үйлдвэрүүд нь хүчин чадлынхаа хэмжээнд ажиллах байсан гэж Монголын ноолуурын холбооноос гомдол тавьж байгаа.  Ноолуурын үйлдвэрүүдийг баярлуулан гомдоосон явдал ноосоо тушаасан малчдад тохиолдож  болзошгүй байна.  Хөгжлийн банк нь хөнжилдөө нойрсох зуур хөх нь хавдсан малчид Засгийн газрын эсрэг зарга мэдүүлж магадгүй нь.  Ноосоо тушаасан малчдын нэг килограмм ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор УИХ-аас баталсан 50 тэрбумын асуудал бас л  нам гүм. Жижиг дунд үйлдвэрүүдэд олгох 150 тэрбумын бондыг мөн л чимээгүй.   Уг нь өнгөрсөн сард энэхүү бондын асуудлыг цэгцэлж, Хөгжлийн банкаар дамжуулан гаргана гэдгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдэж байсан  бас л худлаа байжээ. Энэ бүхнээс харахад эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг нь сайжруулах үүрэгтэй  өнөөх Хөгжлийн банк  нь “өвчин” тусчихаагүй л  байгаа даа.

Ж.НЯМСҮРЭН

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж