
Тэгвэл хаврын чуулганы сүүлээр тэрбээр гэнэтхэн УИХ-ын гишүний үүргээ гүйцэтгэнэ хэмээн МАХН-ын дэд даргын албаа орхиод гүйгээд ирэв. Нэг “ангийнхан” нь “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” хэмээх Оросын сонгодог зургийн дүрслэл шиг л түүнийг угтаж авах нь тэр.
Ц.Шинбаяр гишүүн “Миний хамаг зорилго гүйцлээ. Ард түмний эвлэлдэн нэгдэх эрхийн төлөө тэмцэх гэж МАХН-ын дэд дарга болсон. Намаа бүртгүүлсэн тул одоо УИХ-ын гишүүний ажлаа хийнэ. Энэ 75 нөхөр миний эзгүйд элдэв юм хийх гээд байна” хэмээн ярих болжээ.
Түүний МАХН-ыг бүртгүүлмэгц албаа өгч ноосоо тушаачихаад хүрээд ирсний учрыг УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбарлаж байна. “Н.Энхбаяртай том юм тохироод бүтээгүй гэнэ” гэх нэгэн байхад “С.Молор-Эрдэнэ М.Энхсайхантай муудалцаад МАХН-аас гарсан. С.Молор-Эрдэнэ Ц.Шинэбаярыг “молцогдоод” дэд даргыг нь хаяулж гэнэ” гэх яриа ч дуулдаж эхлэв. Молцог гэж морины хүзүүний гоёл, бас зарим ямааны хоолойд ургасан цэцэг шиг хөөрхөн унжлага байдаг даа. Тэгэхээр гишүүдийн хэлснээр бол С.Молор-Эрдэнэ Ц.Шинэбаяр гишүүнийг хүзүүдэн ятгаж, цаашдаа явуургүй гэдгийг ойлгуулж албанаас нь татуулсан байж ч мэдэх нь ээ.