Монголын рок, поп урлагт хэдийнэ өөрсдийн байр суурийг эзэлсэн гурван шилдэг уран бүтээлч хамтран цомог гаргахаар болжээ. Эд бол Монголын рок, поп урлагийн амьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар юм. Уран бүтээлийн төдийгүй ах, дүүгийн нандин нөхөрлөлтэй тэд хамтран гаргах "Ах дүү гурав" цомгийнхоо бичлэгийг "News star" студид бичүүлж эхлээд байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь, авьяаслаг уран бүтээлчдийн шинэ цомогт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, “Гранд” хамтлагийн продюсер Д.Баттөр, “New Star” студийн С.Гантөр нар хамтран ажиллах буюу эдгээр хөгжмийн зохиолчдын шинэ уран бүтээл "Ах дүү гурав" цомогт багтах ажээ. Тэд шинэ цомогтоо хамтран дуулсан тав, бие даасан гурав гурван уран бүтээлээ багтаах юм байна. Цомгийн продюсероор “New Star” студийн захирал, продюсер Энхмандах ажиллаж байна.
Г.Даша