Жолооны курсууд үгсэн хуйвалдсаныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Жолооны курсууд үгсэн хуйвалдсаныг тогтоожээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нефть импортлогч компаниудад шалгалт хийсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Мэдээллийг тус газрын Хууль, хяналт зохицуулалтын газрын дарга А.Ариунболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр 15.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн юм.

Тус байгууллагын улсын байцаагч нар өнгөрсөн бямба гаригт борлуулалт хийж байгаа шатахуун түгээх станцуудад шалгалт хийж, компаниуд бензин, дизель түлш бэлэн мөнгөөр худалдахгүй байгаа нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хэрэглэгчийг хохироох үйлдэл болжээ гэдгийг тогтоожээ. Ингээд тухайн өдрийн 17.00 цагт Газрын тосны газар болон компаниудад албан бичиг хүргэж бэлэн мөнгөөр худалдахгүй байгаа байдлыг 28-ны дотор зогсоох хугацаатай даалгавар өгсөн байна. Гэвч гүйцэтгэлийн шалгалтаар зарим аж ахуйн нэгж бэлэн мөнгөөр худалдаа хийхгүй байсан тул дөрвөн аж ахуйн нэгжид тус бүр 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ нь “Петровис”, “Шунхлай”, “Жаст Ойл”, “Магнай трейд” гэсэн дөрвөн компани юм байна.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллага иргэдээс ирсэн мэдээллийн мөрөөр жолооны курсууд сургалтын төлбөрөө нэмсэн асуудалд хяналт шалгалт хийсэн тухай мэдээллээ. Монгол авто сургууль, курсуудын нэгдсэн холбооны долоо хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ В ангиллын жолооны курсын төлбөрийг 180 мянга байсныг 280, ВС ангиллынх 360 мянга байсныг 460 мянгаас буулгахгүй байх шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн шийдвэр болсныг тогтоожээ.

Дээрх холбооны ТУЗ-ийн долоон гишүүний тав нь хувьдаа жолооны курстэй байсан бөгөөд үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон учир таван аж ахуйн нэгжүүдийг өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний торгууль тавих болжээ. Энэ нь“Анх-Од”, “Эмчо”, “Батхүлэг “, “Оба”, “Эрдэнэ-Уул”, “Сүү” гэсэн жолооны курс бөгөөд тэдний Татварын албанд мэдүүлсэн өнгөрсөн оны тайланг нь үндэслэн торгуулийн хэмжээг тогтоох аж. Нэмж сонирхуулахад жолооны курсын эзэд ийн үгсэн хуйвалдаж, үнэ өсгөснийг мэдээлж, баримтжуулсан иргэнийг торгосон мөнгөн дүнгийн тав хүртэлх хэмжээгээр урамшуулж байгаа гэнэ. Мөн мэдээлэл өгсөн нэр, хаягийг нууцалж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаар амь нас, эд хөрөнгийг нь хамгаалуулах хуультай юм байна. Мөн үгсэн хуйвалдаж үнээ өсгөснөө өөрсдөө хүлээн зөвшөөрсөн аж ахуйн нэгжийг торгуулийн арга хэмжээнээс 100 хувь чөлөөлөх заалт ч мөн байдаг ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж