Тээврийн замыг нээхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Тээврийн замыг нээхгүй гэв

Монгол Улсад өнгөрөгч зургадугаар сар газрын тосны салбарыг тойрсон
халуун сэдэв өрнөсний нэг нь “Петро чайна дачин тамсаг монгол” компанийн
тээврийн замыг хаасан явдал байлаа. Дорнод аймгийн Матад сумын нутагт
газрын тосны хоёр талбайд үйл ажиллагаа явуулдаг тус компанид Авто
тээврийн газар шалгалт хийж арван зүйл заалт бүхий зөрчил тогтоосноор
тээврийн замыг хаах шийдвэр гарсан юм. Харин компанийн удирдлагууд
өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч, дутагдлаа засч залруулж эхэлсэн тул
тээврийн замыг нээх асуудалд анхаарч өгөхийг хүссэн юм. Тэгвэл компанийн
хүсэлтэд Авто тээврийн газар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын
байцаагч Д.Батбаатар “Зөрчил дутагдлаа бүрэн арилгах хүртэл тээврийн
замыг хаасан байгаа. Замаа өргөсгөх, машин зөрөх боломжтой болох,
Баянхошууны замын асуудал байга. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдтай энэ талаар ярилцсан байгаа. Бүх зөрчил дутагдлаа арилгах хүртэл
тээврийн замыг нээхгүй” гэсэн хариу өгсөн юм.

Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын
байцаагч Д.Батбаатараар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын
хэсэгАвто тээврийн талаарх Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд
1991 онд байгуулсан “Авто тээврийн хэлэлцээр”, Байгаль орчныг хамгаалах
тухай, Газрын тухай, Авто замын тухай, Авто тээврийн тухай, Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай гэх мэт хуулиудын хүрээнд шалгалт хийж
дараах зөрчил дутагдлыг тогтоогоод буй юм. Үүнд,

Газрын тосны байнгын тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ Авто тээврийн эрх бүхий байгууллагатай 2011 оны гэрээ байгуулаагүй.

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан авто замын
маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгээгүй. Ингэснээр тээврийн замын
хажуугаар зарим хэсэгт 20 гаруй олон салаа зам үүсгэж, говийн эмзэг эко
системд бодитой хохирол учруулж, хөрсийг эвдэлж, талхдалд оруулсан.

Орчныг их хэмжээгээр бохирдуулж, тоосжилтоос сэргийлэх арга хэмжээ
аваагүйгээс замын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Энэ нь
Тавантолгойн замтай адил болсон гэсэн үг.

Газрыг үр ашигтай, зохистой хамгаалах нийтлэг шаардлага биелүүлээгүй.

Замын засвар арчлалтыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэлгүй, хүнд даацын
тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийснээс замын нийт уртын дагуу зарим
газартаа 30-60 см-ын гүн ховил дэржигнүүр үүсгэсэн.

Бичигтийн боомт Тамсагийн сав газрын чиглэлийн авто замыг засахдаа
өргөнийг тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүйгээр ялангуяа тойрог хэсэгт
зургаан метр орчим болгон нарийсгасан.

Замын нарийсалт, эвдрэл ховил дэржигнүүр цөмрөлт тоосжилт зэрэг хүчин
зүйлүүдээс тээврийн хэрэгслийн техникийн байдал, замын хөдөлгөөний
аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Туслан гүйцэтгэгч
компаниудын тээврийн хэрэгслүүдийн нэгдсэн бүртгэл, хяналтыг төв компани
дээрээ хийгээгүй, урьдчилан мэдэгдсээр байтал мэдээллийг хүргээгүйгээс
шалгалтад бүрэн хамрагдаагүй.

Тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгалахад
тээвэрлэлтийн баримт бичиг дутуу, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох
ангилал таарахгүй, Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-ын
жолоодох эрхийн үнэмлэхээр жолоодсон

Тээврийн хэрэгслийн жолооч нар мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй.

Шилжүүлэх ачих боломжгүй, техникийн ачаа нэрийдлээр Монгол Улсаас
тээврийн хэрэгсэл гарган ачих боломжтой ачааг БНХАУ-ын тээврийн
хэрэгслээр тээвэрлэдэг. Зорчигчийг Хятадын улсын дугаартай автобусаар
тээвэрлэдэг зэрэг дутагдлуудыг тогтоож, эдгээр зөрчил дутагдлыг арилтал
“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр
хугацаагаар зогсоогоод байгаа юм.


Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж