НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Үе тэнгийн боловсролыг дэмжих 10 хоногийн аян”-ы талаар мэдээлэл хийлээ. Үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээ нь Олон улсын залуучуудын жилийн хүрээнд долдугаар сарын 1-10 хүртэл арав хоногийн аян зохион байгуулж байгаа юм. Тус сүлжээ нь залуучуудын дунд сургалт явуулахаас гадна, үүнд хэрэгцээтэй гарын авлагыг хэвлэж түгээх ажлыг хийдэг аж. Тус гарын авлага номууд нь Олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үе тэнгийн боловсролд зориулан гаргасан гарын авлагууд байдаг ба үүнийг ашиглан сургалтуудаа явуулдаг юм байна. Энэ сүлжээний хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангаас тодорхой хэмжээний санхүүжилтийг өгч орон нутагт үндэсний хэмжээний сургалтууд явуулдаг бөгөөд одоогоор нийтдээ 200 гаруй үе тэнгийн сурагчдыг бэлтгэжээ. Цаашдаа энэ ажлын хүрээнд бүсийн хэмжээнд үе тэнгийн мэргэжсэн сурагчдыг ирэх наймдугаар сард бэлтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
НҮБ-ын Хүн амын сангийн дэргэдэх “Үе тэнгийн боловсролын 10 хоногийн аян” нь үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдах юм. Аяны гол зорилго нь дэлхийн 50 орны өсвөр үеийнхэн болон залуучуудыг дэмжин ажилладаг байгууллагуудыг нэгтгэн өсвөр үеийнхний нөхөн үржхүйн эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэх явдал ажээ. Арав хоногийн туршид залуус семинар, хэлэлцүүлэг явуулж, радио телевизийн шоу нэвтрүүлэгт оролцон, өсвөр үеийнхнийхээ дуу хоолойг нэгтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
А.Зул