Намын дарга нарыг 2012 онд хаан болгох уу

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Намын дарга нарыг 2012 онд хаан болгох уу

НАМЫН ДАРГА НАРЫГ 2012 ОНД ХААН БОЛГОХ УУ

Төр гацав. Эх оронч үзэл энэ тэр нь утаа мэт сарнив. Сураг сонсох нь ээ, улстөрчид л уурлаад байгаа бололтой. Уурлах, уурлахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн цаг хугацааг зогсоочихов. “Сонгуулийн тухай хуулийг бидний хүсэлтээр батлахгүй бол бид улс орны амин чухал өөр ямар ч асуудлаар ярилцахгүй” гэж ирээд л. Тэд айхтар хүчтэй юм. Сонгогдох эрхийнхээ төлөө тэмцэх боломжийг УИХ-ын гишүүний зөөлөн суудал тэдэнд олгосон болохоор арга ч үгүй биз. Ардын намынхан ч тэр адилхан. Иргэний зориг-Ногоон нам болон бусад жижиг намуудын тухайд ч чанарын ялгаагүй. Хоёр том нам хэрхэн толхилцож, эцэстээ хэрхэн тохиролцохоос тэдний цаашдын улс төрийн карьерийн зам тодорно. УИХ-д суудалтай Иргэний зориг-Ногоон намын тухайд про­порциональ давамгайлсан Ард­чилсан намын хувилбарыг дэмжиж буй. Хуучин Иргэний зориг намын тухайд УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчид нь нийтдээ 100 мянга гаруй хүний санал авчихаад парламентад ганцхан суудалтай үлдсэндээ өнөөг хэр нь гоморхдог. Тэр дундаа намынх нь дарга асан хатагтай С.Оюун Сонгинохайрхан дүүргээс дөрвөөр гарч ирсэнд намынх нь гишүүд бүр ч их эмзэглэсэн. Энэ бол Иргэний зоригийнхны нам төвтэй буюу пропорциональ давамгайлсан холи­мог сонгуулийн тогтолцоог дэмжих шалтгаан.

Харин Ардчилсан намынхан юуны учир пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог шүтэж, түүнийхээ төлөө яагаад төрийн ажлыг гацаах болов. Тус намд Монголын ардчиллыг эхлүүлсэн 20 жилийн түүх бий. Хэн дуртай нь үгүйсгэж чадахгүй гарын арван хуруунд эргэлдэх лидер ч бас бий. Нэг ёсны тэдэнд улс төрийн намын намтар, туршлага, алдаа оноо бүхэн байгаа. Мөн мажоритар илүүрэхсэн холимог тогтолцооноос эмээх шалтгаан ч бас байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь мажоритар тогтолцоо маш олон айдсыг дагуулдаг. Гэхдээ тэр айдас нь олон нийтийг айлгах бус харин улстөрчдийг айлгадаг.

Тухайлбал, улстөрчдөөс үүрэг хариуцлагаа өндөрт өргөхийг шаарддаг. Энэ нэхэл нь өдөр тутам бус харин цаг минутаар хэмжигддэг. Цаашилбал, сонгогч хэнд итгэл хүлээлгэвэл улс орныг хөгжүүлж чадах вэ гэдгийг шууд мэдэх боломжтой. Мөн төрийг удирдах эрх мэдэл намд бус ард түмний гарт төвлөрдөг гээд олон давуу талыг нь дурьдаж болно. Энэ бүх давуу бөгөөд хүчтэй тал нь мажоритар тогтолцоонд найдах гол шалтгаан. Бусад жижиг намуудын тухайд ч адилхан. Нэр дэвшигчид нь жижиг тойрогт өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч, УИХ-ын гишүүний эрх эдлэх бүрэн боломжтой. Тэр жишгийг өнгөрсөн удаагийн хэд, хэдэн УИХ-ын сонгууль та бидэнд баталж өгсөн. Наад зах нь, Бүгд найрамдах нам, Иргэний зориг намын УИХ-ын сонгуульд байгуулж байсан ялалтууд та бидэнд батална. Мөн шинэ залуу нэр дэвшигчийн хувьд ч хаалга нээлттэй. Тухайн хүн хүсээд, нам нь дэмжсэн бол шууд нэр дэвших боломжтой. Сонгогчдын итгэл хүлээж чадвал ялалт ч ойрхон гэсэн үг. Үүнийг мөн л УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр төдийгүй гишүүн асан Б.Батбаатар, Р.Эрдэнэбүрэн нарын ялалт үлгэрлэнэ. Мажоритар илүү­рэхсэн холимог  тогтолцооны хам­гийн гол давуу тал нь эцсийн бүлэгт хувь хүн, эрх чөлөөт иргэн хүнд тө­рийг удирдах эрхийг нээлттэйгээр “бэлэглэдэг” явдал.

Харин пропорциональ давамгайл­­сан холимог тогтолцоонд асуу­дал бий. Тэр бүх асуудлыг жагсаахад хамгийн эхэнд нь олигархжсан төрийг бэхжүүлэх явдал. Тухайн сонгогчийн нэр дэвшигчийг сонгох эрхэд бүдүүлгээр халдаж, шууд намын дарга буй тухайн намын удирдах дээд байгууллагын ашиг сонирхлыг автоматаар тулгана гэсэн үг. Тулгалтаас бултах боломж сонгогчдод олдохгүй. Уртаас урт хөврөх нэр дэвшигчдийн жагсаалтыг тухайн сонгогч нэг бүрчлэн санал хураалтын хуудас бөглөх тэр оноогдсон хугацаанд уншиж амжихгүй. Шууд л Ардчилсан нам, Ардын нам тэгээд бусад гэсэн хувилбарыг дугуйлна. Энэ тохиолдолд УИХ-д олонхийн санал авсан намын дарга “Хаан болно” гэсэн үг. Намын дарга өөрийн талын 50 хүний нэрийг жагсаагаад, түүнийгээ шууд УИХ-д шахах эрх эдлэх боломжтой. Эс бол намд өгсөн хандиваар нь эрэмбэлээд эхнээс нь “За чи УИХ-ын гишүүн бол”, “Чи сайд бол”, “Чи байнгын хорооны дарга бол” гэх мэтээр төлөөллийн ардчиллыг томилгоот парламент болгож хувиргах магадлалтай. Ялангуяа манайх шиг ардчилал бэхжээгүй, сонгогчид цаад учир шалтгааныг нь ойлгоогүй байгаа тохиолдолд пропорциональ тогтолцооны айдас нь үүнд оршиж буй.

Ингэснээр УИХ дахь сөрөг хүчний тухай ойлголт ор тас мартагдаж, нам төвтэй төрийн тогтолцоог та бид хүлцэнгүйгээр дагах хэрэгтэй болно. Тухайн намын удирдах дээд байгууллага юу хүснэ. Бид түүнийг хүссэн мэт дагах ёстой гэсэн үг. Бүр тодруулбал, тухайн ялсан намын дарга хэнийг УИХ-ын гишүүн болгохыг хүснэ. Бид тэр хүнийг нь “УИХ-ын гишүүн” хэмээн үг дуугүй хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг “Хаан тэгж хүссэн учраас бид тэгж хүсэх ёстой” гэсэн захиргаагүй хууль бий болно гэж хэлбэл илүү оновчтой ч байж болох юм. 

Гагцхүү аль, алиныг нь оруулсан холимог тогтолцооны тухайд шууд пропорциональ нь давамгайлсан тохиолдолд дээрхи сөрөг нөлөө бат суурьтайгаар Монголын улс төрийг хайрцаглана. Мажоритар илүүрхэвэл ард түмэн сонгох эрхтэйгээ байж, төрөөс нэхэх нэхэлтэйгээ үлдэж чадна. Гол ялгаа нь энэ. Энэ ялгааг олж харахыг хүсвэл УИХ-ын чуулганы хуралдаан тасалдаж, төрийн ажил гацаад байх шаардлага байхгүй. Эцсийн бүлэгт сонгогч бид УИХ-ын 2012 оны сонгуулиар Монголд намын дарга нэртэй хаан төрүүлэх гээгүй л бол сонголт мажоритар давамгайлсан холимог руу эргэхээс өөр гарцгүй аж. Тэгээд ч “Галт тэргэнд суух мөнгөгүй хүн зорчих эрх чөлөөтэй байгаад яах юм бэ” гэдэг шиг нэр дэвшигчийг сонгож чадахгүй намын даргад эрх мэдлийг “бэлэглэх” юм бол монголчууд бид сонгох эрхтэй гэж Үндсэн хуулиар тунхаглаад бүр ч хэрэггүй биз ээ.

Г.Отгонжаргал

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж