
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, хотын захиргаа хамтран ажилгүй хүмүүсийн бүртгэлийг гаргажээ. Ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж, жилийн ажлын явцын талаар хэлэлцсэн байна. Нийслэлийн хөдөлмөрийн газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод 35 мянган байнгын болон түр ажлын байрыг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Хагас жилийн байдлаар 79,2 хувийн биелэлттэй байгаа талаар ажлын хэсгийн хуралдааны үеэр танилцуулжээ. Ажилгүй иргэдийг бүртгэх ажлыг 2011 оны зургадугаар сарын 10- 25-нд хийж гүйцэтгэхэд есөн дүүргийн 1020 хэсгийн ахлагч, 70 гэрээт тоологч ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд нийт 38636 ажилгүй иргэн бүртгэгдсэн байна. Ажилгүй иргэдийн 55,2 хувь нь эмэгтэйчүүд 44,8 нь эрэгтэйчүүд байдаг аж. Насны хувьд 26-35 насныхан 32,04, 36-45 насныхан 25,9, 45-аас дээш насныхан 18, 18-25 насныхан 24,05 хувийг эзэлдэг гэжээ.
Шинээр бий болгосон ажлын байрны мэдээллийг ажлын үргэлжлэх хугацаагаар авч үзэхэд улирлын чанартай ажлын байр 15, байнгын ажлын байр 85 хувиар нэмэгдсэн аж. Харин хөдөлмөр эрхлэлтийн байдлаар судалгаа хийхэд ажил олгогч 11,252, гэрээгээр ажиллагч 3,033, ӨҮҮ-д цалин хөлс авалгүй оролцогч 1,780, хоршооны гишүүн 17, бусад 12 хувийг эзэлж байна.
Б.БОЛОР