Хохирогчдын холбооноос мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хохирогчдын холбооноос мэдэгдэл хийлээ

Маргааш долдугаар сарын 1. Гурван жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний  өдөр УИХ-ын  сонгуулийн шийдвэрийг эсэргүүцсэн ард иргэд тухайн үеийн МАХН-ын төв байрны өмнө загсч, эсэргүүцэл илэрхийлэн, эцэстээ үймээн дэгдэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон билээ.  Үймээний дараа долдугаар сарын 1-нд амь насаа алдсан, гэмтэж бэртсэн иргэд Хохирогчдын холбоо байгуулсан юм. Тэд өнөөдөр мэдээлэл хийж, энэ хэргийн буруутнуудыг олж, шийтгэх хүртэл тэмцэх болно гэдгээ илэрхийллээ. 

Тэд хэлэхдээ “Эрх чөлөө шударга  тогтолцоог бий болгох хүсэлдээ хөтлөгдсөн сэтгэлийн дуудлагаар жагссан ард иргэдийн жагсаал хутган үймүүлэгчдийн гайгаар үймээн самуун болсон. Эцэстээ ард түмэн  хохироод, улстөрчид завшиж, үймээн самуун дэгдээсэн нэрийдлээр иргэдээ хоморголон яллаж, тэдэнд энэ хэргийн бурууг тохоод өнгөрсөн. Одоо тушаал гүйцэтгэсэн цагдаа нарыг хүн буудсан хэргээр яллах гэж байна. Тиймээс долдугаар сарын 1-ний хэргийн үнэ мөнийг олохыг төр засгаас хүсч байна” гэсэн юм. Түүнчлэн  тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын МАХН-ын XXIV их хуралд “Бид ямар ч үнээр хамаагүй энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна” гэж хэлсэн үг биелэлээ оллоо хэмээн ярив. Хохирогчдын холбооныхон маргааш үймээний үеэр амь үрэгдсэн талийгаачдаа дурсч, Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх юм байна. Мөн Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулах аж. Хэвлэлийн бага хурлын үеэр Хүний эрхийг хамгаалах нэгдсэн холбооны ерөнхий зохицуулагч Х.Оюунцэцэгээс  цөөн асуултад хариулт авлаа.

-Долдугаар сарын 1-нд хохирсон иргэдэд нөхөн олговрыг бүрэн олгож чадаж байгаа юу?

-Нөхөн олговор олгогдож байна уу, үгүй юу гэдэг нь гэдсэндээ буудуулсан залуугаас харахад тодорхой байна шүү дээ. Бүтэн гурван жил гаруй эмчилгээ хийлгэлээ. Эмчилгээнд нь нэг ч төгрөгийн нөхөн олговор олгоогүй л байна. Дээр нь группийн мөнгө гэж 40 мянган төгрөг сард олгох ёстой байсан ч тэрийг нь хүртэл буцаасан гэсэн.

-Үймээний буруутныг тэр гэж одоо болтол тогтоогоогүй байна. Та бүхний зүгээс энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа бол?

-Өнөөдөр хариуцлага тооцох гол хүмүүс бол Сонгуулийн ерөнхий хорооны дарга байсан Б.Баттулга, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд С.Баяр  гурав. Эцсийн эцэст ард түмэнд буруугаа тохчихоод, ард иргэд цагдаа хоёрын хооронд асуудал үүсгэж,  үймээн тарьсан. Гэтэл өнөөдөр тэд сул чөлөөтэй алхаж явна.  Бид үүнд гомдолтой явдаг.

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж