
Дэлхийн II дайны дараа Грекийн эдийн засаг нийгэм асар хурдтай өөрчлөгдсөн билээ. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь аялал жуулчлал, далайн тээвэр байв. 2000 оны сүүлчээр Грек дэлхийн санхүүгийн хямралд хамгийн ихээр өртөж, халамж, тэтгэмжийн өндөр зардал, татвараас зайлсхийх явдал газар авсан нь тус улсыг өрийн хямралд оруулсан юм. 2010 оны хавар Грек 145 сая ам.доллар буюу 110 тэрбум еврогийн зээл Европын холбооноос авсан билээ. Ерөнхий сайд Жорж Папандреогийн халамжийн үйлчилгээний өндөр зардал, татварын өсөлтийг бууруулах зорилготой зээл грекчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, нийгэм даяар тогтворгүй байдал үүсгэж эхэлсэн. 2010 онд Грекийн төсвийн алдагдал ДНБ-ий 12.5 хувь, гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 112.6 хувьтай тэнцэж, 300 тэрбум еврогоор хэмжигдэж байх үед Жорж Папандрео өрийн хямралыг арилгахын тулд төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Тус улсын төсвийн алдагдал евробүсийн орнуудад зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин нэмэгдсэнээс Европын холбооноос хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан билээ. Европын холбоо бүсийн орнуудаас нэг жилийн төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьдаг байна. Өрийн хямрал Европт Грекээр зогсохгүй 17 оронд нүүрлээд байгаа ажээ. Хямралд эдийн засаг нь хамгийн ихээр сульдсан орнуудын жагсаалтад Грек, Ирланд, Португал оржээ. Дээрх орон өрийн хямралаас гарах гарцыг Европын холбоо, ОУВС-гаас хайж байгаа юм. Өнгөрсөн 2010 оны байдлаар Европын холбоо, ОУВС-аас Грек улс 110 тэрбум евро, Ирланд 85 тэрбум еврогийн санхүүгийн зээл авсан бол хамгийн сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сард Португал 78 тэрбум еврогийн зээл авахаар болсон билээ. Ажиглагчид эдийн засаг нь хурдацтай өсч байсан Европын орнуудын өрийн хямрал нь 2008 оны санхүүгийн хямралын үр дагавар буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт гэж үзэж байгаа юм. Европын холбоо евро бүсийн орнуудад төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас илүү гаргахгүй байхыг шаарддаг боловч төсвийн алдагдал зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн орнууд тус бүсэд олон байгаа юм.
Видеог ЭНД дарж үзнэ үү.